гадаад
Кая Каллас: Энэ бол алдаа биш

Админ
2025 оны 9 сарын 12

117

Польш улс энэ сарын 10-нд Оросоос баруун Украинд их хэмжээний цохилт өгөх үеэр өөрийн нь нутаг дэвсгэрт орж ирсэн Оросын хэд хэдэн дроныг сөнөөсөн билээ. Польшийн засгийн газар уг явдлыг “түрэмгийлэл” гэж нэрлээд ерөнхий сайд Дональд Туск яаралтай Засгийн газрын хурал зарласан. Энэ үеэр Варшавын нисэх онгоцны буудал болон Польшийн хэд хэдэн хотын нисэх буудлууд хэдэн цагийн турш хаагдсан нь Оросын Украинд хийсэн бүрэн хэмжээний дайнаас хойш Европт тохиолдсон анхны тохиолдол болсон юм.
Польшийн Зэвсэгт хүчний ерөнхий командлал “Оросын баруун Украинд хийсэн дайралтын үеэр Оросын дронууд манай улсын агаарын орон зайг олон удаа зөрчсөн. Манай радарууд арваад объектыг илрүүлж, тэдгээрээс аюул учруулж болзошгүйг нь устгасан. Оросууд манай улсын агаарын орон зайг ийм олон тоотой дроноор зөрчсөн явдал урьд өмнө гарч байгаагүй. Манай агаарын орон зайд орж ирсэн зарим дроныг сөнөөлөө. Унасан байж болох газруудад тэдгээрийн үлдэгдлийг хайх ажил үргэлжилж байна” гэж мэдэгдсэн.
Европын Холбооны Гадаад бодлогын албаны тэргүүн Кая Каллас энэ сарын 10-ны лхагва гаригийн шөнө Оросын дронууд Польшийн агаарын орон зайд орсныг “Энэ бол алдаа биш, зориуд хийсэн шинжтэй байна. Энэ нь оросууд Украинд дайн эхлүүлснээс хойш Европын агаарын орон зайг хамгийн ноцтойгоор зөрчсөн тохиолдол. Оросын дайн төгсөх биш, харин улам хурцдаж байна. Бид Москвад үзүүлэх шахалтаа нэмэгдүүлж, Украиныг улам дэмжиж, Европын хамгаалалтад илүү их хөрөнгө оруулах ёстой” гэж онцолжээ. Польшийн ерөнхий сайд Дональд Туск “Өнгөрсөн шөнө Польшийн агаарын орон зайг Оросын 19 дрон зөрчсөн бөгөөд бидэнд шууд аюул учруулсан нь сөнөөгдсөн. Тэдгээрийн ихэнх нь Беларусийн нутгаас нисч орж ирсэн. Бид долоон дрон болон гарал үүсэл нь тодорхойгүй нэг пуужингийн хэлтэрхий олсон. Би НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рюттегтэй нөхцөл байдлыг хэлэлцсэн. Энэ нь НАТО-гийн түүхэнд анх удаа Оросын дронууд эвслийн нутаг дэвсгэр дээр сөнөөгдсөн тохиолдол” гэж мэдэгдэв. Украины ерөнхийлөгч Владимир Зеленский болсон явдлыг “Европ даяарх туйлын аюултай жишиг. Иймээс шийдэмгий, зохион байгуулалттай хариу арга хэмжээ авахыг уриалж байна” гэжээ. Харин Оросын Батлан хамгаалах яам “Бидэнд Польшийн нутаг дэвсгэр дэх ямар нэгэн объектод цохилт хийх төлөвлөгөө байгаагүй” гэж мэдэгдсэн байна.
Европарламентын дарга Роберта Метсола “Польш өөрийгөө хамгаалах бүрэн эрхтэй. Бид болсон явдлыг судалж байна, Польшийн засгийн газар, Ерөнхий сайдын мэдэгдлийг харсан. Эндүүрэх шаардлагагүй, Польш өөрийгөө ямар ч халдлагаас хамгаалах эрхтэй. Учир нь энэ асуудал зөвхөн нэг улсынх биш, бүх НАТО-гийн асуудал. Энд бидний хамтын хамгаалах чадвар, иймэрхүү дайралтад бэлэн байгаа эсэхийн тухай асуудал яригдаж байна. Европын Холбоо Польшийг дэмжихдээ нэгдмэл байна”, НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте “Энэ нь санаатай, санаагүй эсэхээс үл хамааран, туйлын хариуцлагагүй, туйлын аюултай үйлдэл. Болсон явдлын бүрэн дүгнэлт хийгдэж байна. Миний Путинд өгч буй мессэж маш тодорхой. Путин Украины дайнаа зогсоо. Холбоотнуудын агаарын орон зайг зөрчихөө боль. Бид бэлэн, сонор сэрэмжтэй байгаа бөгөөд НАТО-гийн нутаг дэвсгэрийн нэг инч бүрийг хамгаална гэдгийг мэдэж ав”, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон “Манай улс Польшийн ард түмэн болон түүний засгийн газартай бүрэн эв санааны нэгдэлтэй байна. Удахгүй би НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рюттэтэй уулзана. Бид холбоотнуудын аюулгүй байдлын асуудалд ямар ч буулт хийхгүй”, Латвийн ерөнхийлөгч Эдгар Ринкевич “Бид Украинд бүрэн дэмжлэг үзүүлж, эв санааны нэгдэлтэй байгаа бөгөөд манай холбоотнууд хамт байх ёстой”, Чехийн ерөнхий сайд Петр Фиала “Болсон явдлыг санаатай бус байсан гэдэгт итгэхэд бэрх. Оросууд хаана хүртэл урагшилж болохоо шалгахын тулд НАТО-г системтэйгээр туршиж байна”, Финландын ерөнхийлөгч Александр Стубб “Москва сөргөлдөөнийг улам өдөөхийг эрмэлзэж байна. Польшийн агаарын орон зайг зөрчсөн ядалдаа оросууд хариуцлага хүлээх ёстой”, Унгарын ерөнхий сайд Виктор Орбан “Будапешт дронтой холбоотой явдалд Польштой бүрэн эв санааны нэгдэлтэй байна. Тусгаар улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг зөрчих нь хүлээн зөвшөөрөх боломжгүй зүйл, Словакын ерөнхий сайд Роберт Фицо “Алсын үр дагавартай байж болох ноцтой явдал. Иймээс энэ нь санаатай байсан уу, эсвэл санамсаргүй байв уу, дроныг яг хэн удирдаж явуулсан бэ гэдгийг тогтоох хэрэгтэй” гэж мэдэгдэв. Харин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио “Оросын дронууд Польшийн нутагт орсон нөхцөл байдлын талаар бид тодорхой мэдээлэл авсан”, НАТО дахь АНУ-ын элчин Мэтью Уитакер “Вашингтон НАТО-гийн нутаг дэвсгэрийн нэг инч бүрийг хамгаална. Бид холбоотнуудынхаа талд байна” гэж мэдэгдсэн бол Бүгд Найрамдах намаас сонгогдсон конгрессмен Жо Уилсон “Оросын дронууд Польшийн агаарын орон зайд нэвтэрсэн явдал нь дайн өдөөсөн үйлдэл. Иймээс Цагаан ордны тэргүүнийг хатуу хариу арга хэмжээ авахыг, Москвагийн эсрэг шинэ хориг арга хэмжээ авах, Украинд Оросын гүн рүү цохилт өгөх чадвартай зэвсэг нийлүүлэхийг уриалж байна. Энэ явдал нь Польшийн ерөнхийлөгч Кароль Навроцки Цагаан ордонд айлчилснаас ердөө хэдхэн хоногийн дараа болж байгаа Оросын үйлдэл”, Ардчилсан намын сенатор Дик Дербин “Оросууд өөрийн дронуудаар НАТО-гийн агаарын орон зайг олон дахин зөрчсөн нь Путин биднийг Польш болон Балтын орнуудыг хамгаалах нь уу гэдгийг шалгаж буй тодорхой дохио юм” гэжээ.
Харин хэргийн гол учир нь 1946 оны долдугаар сарын 4-нөөс өмнө Германы Кёнигсберг, одоо Калининград гэх болсон ОХУ-ын газар нутгаас тусдаа байдаг мужийн Польш ба Литвийн хилийн дагуу орших 65 км орчим өргөнтэй нарийн зурвас газар болох “Сувалкийн суваг”-т байгаа юм. Сувалкийн суваг бол Балтын улсуудын эх газрын Европ руу гардаг цорын ганц хуурай зам. Хэрэв үүнийг Орос эзэлбэл Латви, Литва, Эстони улсууд маш амархан Европоос шууд тусгаарлагдах болно. Харин барууны улсууд энэ сувгийг хаачихвал Оросын Калининград муж таг бүслэгдэнэ. Иймээс судлаачид “Сувалкийн суваг”-ыг “НАТО-гийн хамгийн эмзэг цэг. Путины дараагийн дайралтын бай” гэж нэрлэдэг. Харин зарим цэргийн шинжээчид “Оросууд ийм алхам хийвэл НАТО-гийн дүрмийн “Тавдугаар заалт”-ын дагуу бүх гишүүн улсууд шууд Оросын эсрэг дайтахаас өөр аргагүй болно. Тиймээс энэ хувилбар Оросын хувьд хэт өндөр өртөгтэй, өргөн хүрээний дайнд хүргэх учир Путин дайрахгүй. Харин дайрах дүр эсгэх байх” гэж үздэг юм.
Бэлтгэсэн Г.АМАРСАНАА





Бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан 16 настай охины ээж Ерөнхийлөгчид хандаж, тусламж хүсэхээр болжээ
Бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан 16 настай охины ээж Ерөнхийлөгчид хандаж, тусламж хүсэхээр болжээ. Тэрээр энэ талаарх мэдээл...
2 цагийн дараа
“Тамын 50 км” авто замын засварлаж эхэллээ
Зүүн бүсийн иргэдийн нэрлэж заншсанаар тамын 50 км буюу “Монгол улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн Өндөр...
2 цагийн дараа
Төв талбайд эрүүл мэндийн үзлэг, спортын тэмцээн, урлагийн тоглолт болж байна
Төв талбайд эрүүл мэндийн үзлэг зөвлөгөөн, спортын тэмцээн уралдаан, урлагийн тоглолт болж байна. Тухайлбал, эрүүл мэндийн байгуулла...
32 минутын дараа
Өнөөдөр томоохон зах, худалдааны төвүүд амарна
Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул “Автомашингүй өдөр” арг...
19 минутын өмнө
“Автомашингүй өдөр” арга хэмжээг цуцалж, 12:00 цагт замын хөдөлгөөнийг нээнэ
Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул “Автомашингүй өдөр” арг...
1 цагийн өмнө
Сэтгэгдлүүд