Улаанбаатар

weather

Loading weather data...

9 сарын 21

Валютын ханш

value

мэдээ

Д.Төмөртогоо: Жунжаагийн эхлүүлсэн томоохон судалгаа нь тод монгол бичгийн дурсгалын судлал юм

trend

Админ

img

2025 оны 9 сарын 21

img

46

news-img

Хэл бичгийн ухааны доктор Х.Лувсанбалдангийн мэндэлсний 100 жил, Хэл зохиолын хүрээлэнгийн хүндэт доктор Р.Отгонбаатарын 70 насны ойд зориулсан “Хэл зохиол судлал-2025” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Үүнтэй холбогдуулж Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат Зүтгэлтэн, академич Д.Төмөртогоотой уулзаж ярилцсан юм.


-Таныг Х.Лувсанбалдан гуайтай их дотно ойр байсан гэж дуулсан. Та энэ эрдэмтэнтэй танилцсан дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Би 1960 онд танилцсан. Тэрээр Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн Хэл бичгийн тасагт эрдэм шинжилгээний ажилтан байсан юм. Тэр цагаас хойш л гуч гаруй жил ойр дотно, гэрээр нь орж гардаг, түүний ном зохиолыг авч уншдаг, найрсаг сайхан харилцаатай байсан билээ. Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул, говиос төрсөн эрдэмтэн. Хүний хувьд эелдэг найрсаг зантай, алиа хошин, их шогч, нөхөрлөлдөө үнэнч, нягт нямбай, гоё сайхан бичдэг, зураг сайн зурдаг, эрдэм судлалын ажилдаа дур сонирхолтой. Алиа хошин гэхээр хүнийг жаахан явуулна тэр нь цагаахан, өөрийгөө зурж байгаа гээд дугуй дотор гурван цэг тавьчихна. Ханзаар сийлэх мэт гаргацтай их гоё бичнэ. Ном нь чанартай. Хамгийн сайн, чухал гэсэн номоо галынхаа өрөөний хөргөгч маягийн цонхныхоо тэнд хийчихнэ. Өөрийн ном бүтээлээсээ өгч гарын үсгээ үлдээнэ. Хамт найзалж нөхөрлөхөд ахархаж, даргалахгүй их энгийн хүн дээ.

1951 онд МУИС-ийн Монгол хэл-Утга зохиолын ангийг суралцан төгсөөд тэр үеийн Ардыг гэгээрүүлэх яаманд хэл бичгийн мэргэжилтнээр ажиллаж байгаад 1954 оноос Сайд нарын зөвлөлийн орлогч дарга Б.Ширэндэвийн дэргэд нарийн бичгийн даргаар ажилласан хүн. 1957-1960 онд Хөх хот дахь Өмнөд Монголын их сургуульд мэргэжилтэн багшаар уригдан ажилласан. Тэр цагаас эрдэм шинжилгээний ажлаа эхэлсэн байдаг.

Хамт ажиллаж байсан багш нар болон шавь нар нь түүнийг хүндэтгэн найрсаг сайхан харилцаа тогтоож, Жунжаа (мэргэжилтэн багш) гэж гуайлдаг байсан бөгөөд тэр нь хожмоо түүний дуудах нэр болсон юм.

-Түүний судалгааны бүтээлүүдийн онцлог гэвэл юу хэлэх вэ?

-Хамгийн гол, онцгой нь хэн ч судлаагүй зүйлийг эхэлж судалсан хүн. Тод бичиг гэж байдаг гэж дуулснаас анхлан судалсан хүн ховор. Жунжаа тод бичгийг анхлан судалж, 1200-гаад ном цуглуулж номын хөмрөг болгосон. Одоо тод бичиг судалдаг хүн бүгд энэ бүтээлийг ашиглаж байна. Торгууд аялгуу судалсан хүн энэ эрдэмтнээс өөр байхгүй, анхдагч нь. Их олон шавьтай.

Хожим түүний эрүүл мэнд муудсан үед Өмнөд Монголын шавь нар нь багшийгаа тэнд аваачиж, эмчилгээ сувилгаа хийлгэж байсан.

-Олон чиглэлээр өргөн хүрээтэй судалгаа хийдэг эрдэмтэн байжээ. Судалгааны гол бүтээлүүдээс нь дурдвал…

-Жунжаа маань хэл бичгийн ахмад үеийн эрдэмтэн, олон сайн бүтээлтэй хүн гэдгийг онцолмоор байна. Тэрбээр монголчуудын үсэг бичгийн түүх, эртний бичгийн дурсгал, нутгийн аялгуу, аман зохиол зэрэг олон салбараар судалгаа хийсэн. Урьд өмнө судлагдаагүй, бага судлагдсан сэдвийг сонгож судалдгаараа бусад эрдэмтдээс онцлог ялгаатай. Энэ талаар хэд хэдэн жишээ хэлье.

Хамгийн анх Өмнөд Монголд ажиллаж байхдаа Юань гүрэний сүүлч, Мин улсын эхэн үед зохиогдсон “Хуа-и и-юү” хэмээх хитад-монгол хэлний толь бичгийг Боашан гэдэг эрдэмтэнтэй хамтран судалж гаргасан нь тус дурсгалын талаар монгол эрдэмтний гаргасан хамгийн анхны судалгаа болсон төдийгүй олон улсын монгол судлалын хэмжээнд польш эрдэмтэн М. Левицкийн дараа гаргасан хоёр дахь томоохон судалгаа болсон юм.

Түүний нийтлүүлсэн дараагийн томоохон бүтээл нь Юань улсын үед 1307 хятад хэлнээс орчуулсан “Ачлалт ном” хэмээх судрыг эрдэм шинжилгээний галиг, удирдтгал, тайлбар, үгсийн хэлхээс, гэрэл зургийн эхийн хамт нийтлүүлсэн нь тухайн зохиолын талаар гарсан анхны бие даасан томоохон судалгаа болсон юм. Түүнээс хойш тэрхүү дурсгалын талаар Унгарын эрдэмтэн Л.Лигети, Америкийн эрдэмтэн Ф.В.Кливез, Австралийн эрдэмтэн Игор де Рахевилц нарын судалгааны бүтээлүүд гарсан бөгөөд тэд цөм Халтарын Лувсанбалдангийн анхны бүтээлийн талаар өндөр үнэлэн бичсэн байдаг.

Хятад улсын Юань мужийн нийслэл Күньминь хотын ойролцоо байдаг Аруг вангийн хөшөөний монгол бичээсийг анхлан уншиж судлаад 1962 онд тусгай өгүүлэл нийтлүүлсэн нь мөн тухайн дурсгалын хамгийн анхны судалгаа болсон юм. Түүний судалгаа гарсны дараа Унгарын эрдэмтэн Г.Кара, Л. Лигети, Аимерикийн эрдэмтэн Ф. В. Кливез нар уншиж судалсан байна.

-Тод монгол бичгийн судалгааных нь талаар тодруулбал…

-Доктор Х.Лувсанбалдангийн эхлүүлсэн томоохон судалгаа бол тод монгол бичгийн дурсгалын судлал юм. Тэрбээр Монгол Улсын баруун аймгуудаар удаа дараа аялан явж, тод үсгийн гар бичмэл болон барын номын 1200 гаруй ном цуглуулж, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд тод номын тусгай хөмрөг байгуулсан төдийгүй тод үсгээр бичсэн ойрад Зая бандидагийн намтар бүтээл, орчуулгын зохиолууд болон тод бичигийн “Субашид”, “Алтангэрэл” судрын тухай хэд хэдэн сонирхолтой үгүүлэл нийтлүүлсэн байдаг. Тэрбээр тод бичиг болон тод үсгээр бичсэн ном зохиолуудын холбогдолтой баялаг материал дээрээ тулгуурлан 1974 онд “Тод бичиг ба түүний дурсгалууд” гэсэн сэдвээр хэл шинжилэлийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан. Тод үсгийн дурсгалын талаар түүний нийтлүүлсэн томоохон бүтээл нь “Тод үсэг ба түүний дурсгалууд” (1975), “Тод үсгийн дурсгалууд” (1976) зэрэг болно.

Түүний эхлүүлсэн тод монгол бичгийн судалгааг Халимагийн эрдэмтэн А.В.Бадмаев, Д.А.Сусеева, В.П.Санчиров, Оросын эрдэмтэн А.Г.Сазыкин, Монголын эрдэмтэн Ж.Цолоо, На.Сүхбаатар, Б.Түвшинтөгс, Өмнөд Монголын эрдэмтэн М.Эрдэмтү, Шинжааны эрдэмтэн Ч.Бату нар үргэлжлүүлэн судалгааны олон бүтээл гаргажээ. Мөн хурдан морины шинжийн тухай ном судар цуглуулан “Морины шинж” (1978), “Хүлгийн шинж” (1989) зэрэг ном нийтлүүлсэн байдаг.

-Монгол хэл бичиг болон нутгийн аялууны судлал нь ч энэ салбартаа жин дардаг, мөн анхдагч нь байв уу?

-Х.Лувсанбалдан монгол хэлний авиа зүй, хэл зүйн талаар нэлээд үгүүлэл бичсэний дотор дундад үеийн монгол хэлний үгийн эхний Х-гийн тухай 1962 онд бичсэн үгүүлэл нь монгол эрдэмтдийн хувьд энэ талаар гарсан анхны бүтээл төдийгүй олон улсын монгол хэл шинжлэлийн судлалын хэмжээнд ч энэ талаар гарсан анхны цөөн бүтээлийн нэг болсон юм.

Мөн эртний монгол хэлний тооны зохицлын талаар нэг үгүүлэл бичсэн бөгөөд түүнд дэвшүүлсэн санааг урьд нь ганц хоёрхон эрдэмтэн дөнгөж хөндөж гаргаж байсан билээ. Түүний бичсэн үгүүлэл судлаачдын анхаарлыг ихээхэн татаж энэ талаар Монголын эрдэмтэн Д.Заяабаатар, Өмнөд Монголын эрдэмтэн Хөхбарс, Халимагийн эрдэмтэн Г.Ц.Пюрбеев, Д.Б.Гедеева нарын үгүүлэл гарсан.

Түүний судалгааны өөр нэг чиглэл нь Монгол Улс дахь нутгийн аялгууны судлал юм. Тэрбээр нутгийн аялгуу судлах хээрийн судалгааны ажлаар Монгол Улсын олон аймаг, сумаар явж, хэл аялгуу, аман зохиолын материалууд болон ховор сонин ном судар цуглуулжээ. Академич Б.Ринчений удидлагаар “Монгол Ард Улсын угсаатны судлал, хэл шинжлэлийн атлас” гэсэн томоохон бүтээлийн доторх монгол хэл аялгуунуудын газрын зургийг үйлдэхэд голлон оролцсоноос гадна урьд өмнө бараг тусгайлан судлагдаагүй Торгууд аман аялгууны талаар судалж, эрдэм шинжилгээний үгүүлэл нийтлүүлсэн.

Мөн монгол аман зохиол, ялангуяа туульсын зохиолын талаар анхааран судалж “Эрийн сайн Хан харангуй”, “Агар Улаан хаан” зэрэг туулийг туульчдаас бичиж авснаас гадна “Бум Эрдэнэ”, “Дани хүрэл” зэрэг туулийн заримыг нь туульчдаас бичиж авсан болон хальсны бичлэгээс цаасан дээр буулгаж, хэвлэлд бэлтгэсэн нь байдаг.

Доктор Х.Лувсанбалдан монгол хэлний үгийн сангийн судлалд зохих хувь нэмрээ оруулсныг дурдвал 1960-аад оны үед Я.Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь”-ийн арга зүйг боловсруулах, шинэ үг хэллэгээр нэмэн баяжуулах, хянан тохиолдуулах ажилд идэвхтэй оролцсоноос гадна монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толийн бүтэц, арга зүйг боловсруулах, үгийн сангийн картын хөмрөг бүрдүүлэх ажлыг удирдан зохион байгуулж байсан. Мөн “Монгол үг хэллэгийн түүх гарал”, “Монголчуудын үсэг бичиг, үг хэллэгийн түүх” зэрэг бүтээл эмхлэн гаргасан нь үгийн сангийн судлалд шууд холбогдоно. Бас “Монголын нууц товчоо”-нд гардаг зарим хуучирсан үг хэллэгийн талаарх тайлбар бичиж нийтлүүлсэн байдаг.

-Эрдэмтний эрдэм шинжилгээний үнэ цэнэ ач холбогдлын талаар дурдахгүй юу?

-Х.Лувсанбалдан Ш.Лувсанвандан, Д.Чойжилсүрэн, П.Бямбасан, Ж.Цолоо, Ц.Шагдарсүрэн, С.Мөөмөө, Д.Отгонсүрэн нарын зэрэг манай хэл бичгийн эрдэмтдийн зохиол бүтээлийг хянан нийтлүүлж Н.Поппе гэдэг нэрт эрдэмтний бичсэн “Дөрвөлжин бичиг” хэмээх номыг орос хэлнээс орчуулан 1960 онд нийтүүлсэн арвин бүтээлтэй эрдэмтэн.

Ц.Шагдарсүрэн, Э.Пүрэвжав, Д.Төмөртогоо, Л.Болд, Г.Гантогтох, О.Самбуудорж, Түвшинтөгс нарын бичиж нийтүүлсэн үгүүлэлүүд байгааг дурдах нь зүйтэй. Тэгээд олон улсын эрдэм шинжилгээний хурал дээр эрдэмтэд энэ хүний талаар ярилцах болохоор би илүүц биз ээ.

Ц.Отгонсүрэн

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Саудын Арабын Хаант Улсын “Аква повер” компани сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах сонирхлоо илэрхийллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Саудын Арабын Хаант Улсын “Аква повер” компанийн төлөөлөн Удирдах зөвлөлийн тэргүүн Мохаммад...

img

6 цагийн өмнө

Ард Аюушийн өргөн чөлөөний автозамыг шөнийн цагаар хэсэгчлэн хааж, шугам шилжүүлнэ

Баянгол дүүргийн 7-р хороо, Ард Аюушийн өргөн чөлөө, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хойд талын автозамыг 2025 оны 9 дүгээр са...

img

7 цагийн өмнө

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн олборлолт, тээвэр, борлуулалт 1.6 дахин өсчээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосны дараа ердөө хоёрхон сарын дотор нүүрсний олборлолт, тээвэр, борлуулалт 1.6 дахин ...

img

8 цагийн өмнө

Ирэх 7 хоногт цахилгаан хязгаарлах байршлууд

Ирэх 7 хоногт буюу есдүгээр сарын 22-ны даваа гарагаас 28-ны ням гараг хүртэл цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танил...

img

9 цагийн өмнө

“Сөүл хотод суралцъя” боловсролын үзэсгэлэн болж байна

Улаанбаатар, Сөүл хотууд ах дүүгийн харилцаа тогтоосны түүхт 30 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэ хүрээнд БНСУ-ын Сөүл хоты...

img

9 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд