мэдээ
Нэгдүгээр ангийнхан гурван ээлжээр хичээллэж байна

Админ
2025 оны 9 сарын 22

46

Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд өмнөх жилүүдээс олон хүүхэд элсэж буйтай холбоотой зарим улсын сургуулийн нэг ангид 60-65 хүүхэд суралцаж байгаа гэх мэдээлэл гарсан. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Ерөнхий боловсролын 141 дүгээр сургуулиас бодит байдал ямар байгаа талаар сурвалжиллаа.
Биднийг очих үеэр хоёрдугаар ээлжийн ангиуд тарж байсан юм. Ихэвчлэн бага ангиуд тарж байгаа бололтой харагдлаа. Энэ сургуулийн хувьд олон хүүхэдтэй учраас эцэг эхчүүд болон гадны хүмүүсийг дотогш оруулдаггүй бөгөөд хүүхдүүдээ сургуулийн үүд хэсэг рүү оруулж өгөөд явдаг юм байна. Хажуугаар зөрсөн хүүхдүүд “Манай анги аймаар бүгчим” гэж хоорондоо ярилцах нь сонсогдсон юм.Тэр хүүхдүүдээс “Танай анги хэдэн хүүхэдтэй вэ” гэхэд “Манай анги 47 хүүхэдтэй, гэхдээ аймаар халуун байдаг” гэсэн юм.
Ингээд хүүхдүүдээ эцэг эхчүүдэд нь хүлээлгэн өгч байгаа нэгдүгээр ангийн багштай ярилцлаа. Тэрээр нэрээ нууцлахыг хүссэн юм. Энэхүү багшийн хувьд 39 дэх жилдээ багшилж байгаа гэлээ. Анги 45 хүүхэдтэй. Сонсоход гайгүй юм шиг боловч нэг багш нэгдүгээр ангийн 45 хүүхдэд хичээл заана гэдэг маш их ачаалалтай байдаг гэдгийг тэрээр онцолж байлаа. Уг нь нэг анги 30-35 сурагчтай байхад хүүхдүүдийн суралцах орчин хангагддаг гэв.
Цахим орчинд нэг ангид 65-аас дээш хүүхэд суралцаж байна гэх мэдээллийн талаар асуухад “Хичээл эхлэхийн өмнө элсэх ёстой бүх хүүхдийн тоог гаргасан юм билээ. Тэр үеэр нэгдүгээр ангид 70 орчим хүүхэд хуваарилагдсан байсан. Тэрнээс ирэх ёстой хүүхдүүд нь ирээд одоо нэг анги хамгийн дээд тал нь 48 хүүхэдтэй байгаа.
“Манай сургууль 960 хүүхдийн багтаамжтай 5000 гаруй хүүхэд сурч байна”
Мөн манай сургууль 960 хүүхэд сурах ёстой байтал 5000 гаруй хүүхэд сурч байна. Тэгэхээр даац хэтэрчихсэн, ачаалал нь ихдээд, тав дахин их хүүхэд суралцаж байна гэсэн үг. 190 гаруй багш ажиллаж байгаа” гэсэн юм. Даац хэтэрсэн учраас гурван ээлжээр есөн анги хичээллэж байгаа гэв. Эхний анги нь өглөө 08:00 цагаас 10:50-ийн хооронд, хоёрдугаар ээлж нь 11:30 цагаас 14:20-ийн хооронд, сүүлийн ээлж нь 15:30 цагаас 19:00 хүртэл хичээллэдэг гэлээ. Тэрбээр үргэлжлүүлэн “Сургуулийн зарим хэсгээ битүүлээд анги болгочихсон байгаа. Ер нь үүнээс болоод нэг хүүхэд хэдэн м.куб талбайд суух, агаар нь ямар байх ёстой юм гээд норматив алдагдсан гэж хэлж болно” гэсэн юм.
Хүүхдээ оройны ээлжинд нь хүргэж өгөхөөр явж байгаа ээжтэй цөөн хором ярилцлаа. Тэрээр ангиуд гурван ээлжээр хичээллэж байгаад мөн л шүүмжлэлтэй хандаж байсан юм. Энэ талаар ярихдаа “Уг нь хоёр ээлжээр хичээллэдэг байсан чинь энэ жил нэгдүгээр ангийн есөн бүлэгтэй гээд хүүхдүүд нь гурван ээлжээр хичээллэж эхэлсэн. Ангиуд нь нэгэн жигд том талбайтай биш, зарим анги нь жижиг болохоор хүүхдүүд халууцна, нойр нь хүрнэ гээд асуудал их. “Аравдугаар сар гаргаад хоёр ээлж болгоно, урд талын солонгос хоолны газрын CU-г түрээсэлнэ” гээд П.Наранбаяр сайд яриад байсан юу болж байгаа юм бүү мэд. Одоо ч хичээл тарах үеэр гэгээтэй байна. Өвөл оройтвол хэцүү шүү дээ” гэсэн юм. Түүнчлэн 130 дугаар сургуульд мөн 60 хүүхэдтэй анги байдаг гэж тэрээр хэллээ. Тус сургууль руу биднийг очих үед нэгдүгээр анги болон зургадугаар ангиуд 50-60 хүүхэдтэй гэсэн боловч эдгээр ангиуд тараад, дараагийн ангиудын хичээл эхэлсэн байлаа.
141 дүгээр сургуулийн удирдлагууд хүүхдүүдийн даац хэтэрсэн, гурван ээлжээр хичээллэдэг энэ асуудлыг цааш нь дамжуулсан ч шийдэгдэхгүй байгаа гэв. Гэвч цаанаасаа хүүхдийн тоо нь их болохоор ачааллаа дийлэхгүй байгаа гэдгийг хэлсэн юм. Энэ сургуульд гэхэд нэгдүгээр ангийн 500 хүүхэд суралцаж байгаа аж.
“Хүүхдээс илүү эцэг эхийн дарамт гэж айхтар зүйл бий болсон”
Мөн тус сургуулийн гуравдугаар ангийн багшийн хувьд түгжрэл ихтэй хотод эцэг эхчүүд хүүхдээ гэрт ойрхон сургуульд л оруулж байвалхүүхдүүд нь нэгээрээ сууна уу, гурваараа сууна уу хамаагүй гэж боддог болсон гэдгийг хэлж байв. Мөн “Хэн ч цөөхөн хүүхэдтэй ангид хичээл заахыг бодно.50 хүүхэдтэй ангид хичээл заах, 30 хүүхэдтэй ангид хичээл заахад цалингийн нэмэгдэл байхгүй. Ер нь багш нар хоногт 3-4-хөн цаг л унтдаг байх. Олон жил ажилласан багш нар зэрэгтэй бол зэргийн нэмэгдэл гэж авна. Түүнээс дөнгөж ажиллаж эхэлж байгаа залуу багш нар бүр бага цалинтай. Үндсэн цалин нь 1483000 төгрөг, үүнээс гар дээрээ 1120000 орчим төгрөг авч байгаа. Гэтэл бодит байдал дээр багш нар ийм олон хүүхэдтэй ажиллаж байхаар гадагшаа гарч ажиллая гээд шантарч байна.
Ер нь мэргэжилдээ дуртай, хүүхдэд хайртай хүмүүс л ажиллаж байгаа. Бусдаар бол багшийн орчин нөхцөл, нийгмийн талаас баталгаа байхгүй. Ядаж нэг багшийг ипотекийн зээлээр хөнгөлөлттэй нөхцөлөөр байранд оруулж чадахгүй байгаа шүү дээ. Дээрээс нь залуу багш нарыг эцэг эхчүүд асар их дарамталдаг. Хүүхдээс илүү эцэг эхийн дарамт гэж айхтар зүйл бий болсон. Тийм учраас залуу багш нар шантрах, урамгүй болох гэх мэт сөрөг үр дагаврууд зөндөө гарч байгаа” гэсэн юм. Ийнхүү уулзсан багш нарын хувьд улс орны нэн тэргүүний салбар бол боловсрол, үүнд анхаарвал улс орон хөгжиж сайн иргэдийг бэлтгэнэ гэдгийг хэлж байлаа. Гэвч бодит байдал дээр хүүхдүүдийн сурах орчин тааруу, сургуулиудын даац хэтэрсэн, нэг ангид олон хүүхэд суралцаж байв. Үүнээс болоод багш нар өөр ажил хийх, хүүхдүүд хичээлдээ сонирхолгүй болох зэрэг олон сөрөг үр дагаврууд гарч байна.
Г.БАЛГАРМАА





Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын 2026 оны төсвийн төсөлд туссан арга хэмжээний талаар хэлэлцлээ
Төсвийн байнгын хорооноос “Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын 2026 оны төсвийн төсөл” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2...
4 цагийн дараа
Цас цэвэрлэгээ, давс, бодис цацах зориулалт бүхий 10 машиныг хүлээн авлаа
Улаанбаатар хотын цэвэр цэмцгэр, ая тухтай орчныг бүрдүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бий болгох зорилгоор х...
4 цагийн дараа
Х.Нямбаатар: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг илүү хүртээмжтэй болгох зорилгоор хоёр хаалга нэмж гаргаж, явган хүний замыг хамтад нь шийднэ
Иргэд олон нийт, ялангуяа Хан-Уул дүүргийн 17, 18 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хорооны иргэдээс ирүүлсэн санал хүсэ...
3 цагийн дараа
Хагас коксон түлшний үйлдвэрийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих тендерийг аравдугаар сард зарлана
Улаанбаатар хотод өмнөх буюу мидлингээр хийсэн сайжруулсан шахмал түлшний нөөцөлсөн үлдэгдэл 40 мянган тонн түлшийг есдүгээр сарын 1...
3 цагийн дараа
П.Эрхэмбаяр: УИХ -ын гишүүний халдашгүй байдал түдгэлзсэн тохиолдолд өрөө, албан тасалгаанд нэгжлэг хийх эрх нээгдэх хуулийн зохицуулалттай
Төрийн ордонд АТГ-ын мөрдөгчид УИХ-ын гишүүн С.Ганбаатарын өрөөнд нэгжлэг хийсэн. Энэ нь парламентын гишүүний бүрэн эрхэд халдсан но...
2 цагийн дараа
Сэтгэгдлүүд