мэдээ
Б.Галбадрах: Боловсролын салбарын төсвийн хэлэлцүүлэг хэлбэр төдий явагдсанд харамсаж байна

ТЭРБИШИЙН ДАРХАНХӨВСГӨЛ
2025 оны 9 сарын 27

37

Төсвийн байнгын хорооноос “Боловсролын салбарын 2026 оны төсөв” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэ үеэр бид Боловсрол, Шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхий боловсролын сургууль хариуцсан мэргэжилтэн Б.Галбадрахтай ярилцлаа.
-Боловсролын салбарын төсвийн хэлэлцүүлэг болж байна. Хэлэлцүүлгийн үр дүнг яаж харж байна вэ?
-УИХ-ын Төсвийн байнгын хороо болон Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо хамтран зохион байгуулж байгаа тус хэлэлцүүлэгт багш, ажилчдыг төлөөлөн оролцож байна. Энэ хэлэлцүүлэгт ерөнхийдөө боловсролын салбарын өнөөгийн нөхцөл байдал дахь санхүү, хөрөнгө оруулалтын талаарх танилцуулга явлаа. Төсвийн хэлэлцүүлэгт оролцож байгаа оролцогчид шинэ шийдэл, гарцыг хайж, энэ хэлэлцүүлгийг үр ашигтай зохион байгуулж, магадгүй шаардлагатай тохиолдолд Засгийн газарт төсвийг буцаах байдлаар өрнүүлэхийг хүсэж байна. Мэдээж хэлэлцүүлэг ямар нэгэн үр дүнд хүрэх шаардлагатай. Учир нь манай багш, ажилчид уржигдархан цалин хөлсийг нэмэгдүүлэх жагсаалыг зохион байгуулсан. Ийм байтал хэлэлцүүлэг хэлбэр төдий явж байгаад харамсалтай байна.
-Та түрүү яриандаа төсвийн хэлэлцүүлэг хийдэггүй. Нэгэнт бэлэн болгоод боочихсон төсвөө оруулж ирээд түүнийгээ хэлэлцүүлэг гэж нэрлээд байна гэж хэлсэн. Үүн дээрээ тайлбар хийнэ үү?
-Дөрөвдүгээр сард төсвийн хүрээний мэдэгдэл буюу төсвийн төсөөллөө гаргадаг. Анхан шатны байгууллага, салбар тус бүрдээ гаргадаг юм. Үүн дээр Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос саналаа хүргэсэн байдаг.
Харин долдугаар сард яг тэр сургууль, цэцэрлэг дээр дараа жил ийм хэмжээний төсөвтэй байх юм гэдэг төсвийн төслөө боловсруулдаг. Тэгвэл наймдугаар сард боловсролын салбарт төсвийн хэлэлцүүлэг ганцхан удаа зохион байгуулагдсан. Энэ бол Монгол Улсын хэмжээний боловсролын салбарын бүх төсвийг боогоод эцэслээд ороод ирчихсэн төсвийг танилцуулсан явдал байсан. Үүн дээр бид 12 саналыг тавьсан. Дээрээс нь Боловсрол эвсэл иргэний нийгмийн байгууллагатай хамтраад ийм үндэслэл, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Олон улсын валютын сангийн тайлангууд байна гэдгийг ч хэлсэн. Боловсролыг хямралаас гаргах шийдэл нь энэ байна. Цалин хөлсийг ингэж нэмэгдүүлье гэсэн саналууд өгсөн боловч Засгийн газар УИХ-д төсвөө өргөн мэдүүлэхдээ тэдгээр саналыг тусгаагүй байсан. Ингээд наймдугаар сарын 29-нд манайх Ерөнхий сайдтай уулзалт зохион байгуулаад Ерөнхий сайд 100 тэрбум төгрөгөөр цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг хөндсөн. Гэвч энэ мөнгө бол гарц шийдэл биш. Нийт төрийн албан хаагчийн 40 гаруй хувь нь боловсролын салбарт ажилладаг. Өөрөөр хэлбэл, бидний цалин тодорхой хувиар нэмэгдэхэд төсөвт ачаалал өгч байдаг. Гэвч багш нар юу гэж үзэж байна гэвэл нүүрсний хулгайн 40 их наяд төгрөгийн хажууд багш нарын цалинг нэмэхэд хэрэгтэй нэг их наяд төгрөг бол их биш юм.
-Гэвч төсөв хүнд, улсын орлого тааруу гээд байгаа шүү дээ?
-Тэр үнэн. Гэхдээ ирэх оноос эхлээд манай нүүрсний гол худалдан авагч Хятад улс ил уурхайнуудаа хаахаар боллоо. Далд уурхайг түлхүү явуулж, тэндээ роботууд ажиллуулахаар болж байна. Ийм шийдвэрүүд нэгэнт гарчихсан. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор ирэх жилийн манай улсын төсөв өсөх бүрэн боломжтой. Тийм учраас л төсөвтөө цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг бид тавиад байгаа юм.
-Энэ хэлэлцүүлгээс ямар нэгэн үр дүн гарч, оролцогчдоос гаргасан саналуудыг тусгах боломжгүй гэсэн үг үү?
-Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг хэлэлцүүлгийн үеэр энэ бол зүгээр ийм төсөв орж ирсэн гэдгийг та бүхэнд танилцуулж байгаа юм. Хэрэв шаардлагатай гэж үзвэл Засгийн газар төсвөө эргүүлэн татаад аравдугаар сарын 2-ны дотор буцааж оруулж ирэх ёстой гэсэн тайлбар хэлж байсан.
-Тэгэхээр энэ чинь хэлэлцүүлэг биш, танилцуулга юм биш үү?
-Хийх гэж байгаа арга хэлбэр нь зөв. Гэхдээ агуулга нь нь буруу байна. Зүгээр л танилцуулаад өнгөрч байгаа юм. Харин дараа нь төсвийн тухай танилцуулахдаа бид ийм, ийм газруудаар хэлэлцүүлсэн, тэдэн хүн орсон гэсэн хийсэн дүр эсгэх гэж байгаа нь харамсалтай.
Т.ДАРХАН





Үндэсний цэцэрлэгт хүрээлэн илүү хүртээмжтэй болгоно
Хан-Уул дүүргийн 17, 18 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хорооны иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийн дагуу Үндэсний цэцэр...
5 цагийн дараа
Аравдугаар сарын эхний долоо хоногт дараах хилийн боомтууд ажиллахгүй
Хилийн боомтуудын ирэх аравдугаар сарын ажиллах цагийн хуваарийг Гаалийн ерөнхий газраас гаргалаа. БНХАУ-ын намрын дунд сарын баяр а...
4 цагийн дараа
Ё.Басхүү Чиндао гран при тэмцээнээс алтан медаль хүртжээ
Чиндао гран при тэмцээний эхний өдөр 6 тамирчин медалийн төлөө шалгарч үлдсэнээс 1 алтан медаль, 3 хүрэл медаль хүртсэн амжилттайгаа...
3 цагийн дараа
Алтай хотхон орчимд 640 хүүхдийн суудалтай сургууль барина
ХУД-ийн 3 дугаар хороо, “Жигүүр Гранд Групп” ХХК-ийн эзэмшлийн талбайг нийслэлээс зөвшилцөж, 640 хүүхдийн суудалтай сург...
2 цагийн дараа
Багануур чиглэлд өөрчлөлт оруулж, Бага тэнгэр рүү үйлчлэх Ч:84 чиглэлийг шинээр нээлээ
Нийтийн тээврийн хэрэгслийн хүлээгдлийн хугацааг багасгаж иргэдийн зорчих эрэлт хэрэгцээг хангах, нийтийн тээврийн үйлчилгээний хүрт...
20 минутын дараа
Сэтгэгдлүүд