мэдээ
Т.Ганболд: Шороон ордны нөөц дууссан учраас алтны нийлүүлэлт огцом уналаа

Админ
2025 оны 9 сарын 27

46

Монголбанк энэ оны эхний найман сард 7739 тонн үнэт металл худалдан авсан байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулаад 24.1 хувиар, харин 2020 оны мөн үетэй харьцуулахад 52 хувиар буурсан байгаа юм. Тэгвэл яагаад алтны олборлолт буурах болсон талаар Монголын Алт үйлдвэрлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Т.Ганболдтой ярилцлаа.
-Энэ жил 20 тонн алт олборлоно гэсэн тооцоо гарсан ч одоогийн байдлаар найман тонн хүрэхгүй хэмжээнд экспортолсон гэсэн мэдээлэл байна. Яагаад алтны олборлолт буурсан бэ?
-Энэ жил болон өнгөрсөн онд алт хамгийн сайн өсөлттэй, эрэлттэй, тогтвортой, найдвартай байгалийн эрдсээр шалгараад явж байна. Харамсалтай нь манайд Монголбанкинд нийлүүлэгддэг алтны нийлүүлэлт буурч байна. 2013 оноос эхлээд Засгийн газрын түвшинд бодлогоор алтны салбарыг бодитойгоор дэмжсэн. Ингээд алтны нийлүүлэлт тэр цаг үеэс хойш өссөөр жилдээ 6 тонн хүрэхгүй нийлүүлэгддэг байсан алтны хэмжээ 13 тонн, 15 тонн болж, 2016, 2017, 2018 оноос 20 тонн руу орж ирсэн
Саяхныг хүртэл 20 тонн хүртэл хэмжээгээ хадгалсан. Энэ дундаа дийлэнх нь шороон ордны нөөц байгаа гэсэн үг. Үндсэн ордууд төдийлөн судлагдаагүй, харин сүүлийн үед мэр сэр ажиллаж эхэлж байна. Тэгэхээр өнгөрсөн жилүүдийн нийлүүлэлт дандаа шороон ордууд гэж ойлгож болно. Мэдээж энэ жил алтны нийлүүлэлт огцом унасан байна. Энэ бол ААН болон иргэд нийлүүлж байгаа алтаа нийлүүлэхгүй, эсвэл буруу замаар гаргаж байгаа гэж хардахаасаа илүү геологи судалгааны ажил төдийлөн сайн хийгдэхээ больсон. Саяхныг хүртэл нийлүүлэгдэж байсан алтны гол нөөц нь социализмын үеийн шороон ордны илэрц гэсэн үг. Тэр үед эрэлттэй байсан компаниуд сүүлийн жилүүдэд нэмж хайгуул судалгаа хийгээд, шороон ордын нөөцүүд дуусчихаад байгаа. Байгаль орчин хамгаалах хууль, дүрэм журмын дагуу гол ус, ой модтой ойрхон болон хилийн бүс нутгууд хязгаарлагдсан. Тэгэхээр үлдсэн шороон ордны нөөц дууссан учраас алтны нийлүүлэлт огцом уналаа.
-Ковидын үед буюу хил хаалттай байх үед 20 гаруй тонн алт тушааж байсан гэсэн мэдээлэл байна л даа?
-Ковидын үед ч 20 орчим тонн алт тушаагдсан. Ковидын үед хил хаагдангуут асар их хэмжээний алт тушаагдаад, бусад үед тушаагддаггүй байсан гэдэг бол маш худал мэдээлэл. Монголбанк иргэнээс ч бай, ААН-ээс ч бай алтыг тухайн өдрийн Лондонгийн үнэт металлын биржийн ханшаар нь худалдаж авдаг. Тийм учраас хулгайгаар хилээр давж гаргаад зарах ямар ч ашиггүй. Харин Монголбанк дэлхийн зах зээлийн ханшаар худалдаад авчихаж байгаа шүү дээ. Хайгуул судалгааны ажилд маш их хөрөнгө үрээд, дампуурч байгаа олон компани бий. Бодит байдал дээр цэцэрлэг, сургууль, цагдаа, тэтгэвэр гээд төсвийн бүх зардлын 90 орчим хувь нь шууд болон шууд бусаар уул уурхайгаас орж ирж байгаа.
-Тэгэхээр үлдсэн хугацаанд дахиад алт тушаагдах боломж бий уу?
-Цаг агаарын нөхцөл байдлаас болоод уул уурхайн хөрс хуулалтууд, уулын ажил ихэвчлэн хавар, зун хийгддэг. Өдийд бүтээгдэхүүнээ дөнгөж авч эхэлж байгаа, металлдаа дөнгөж хүрч байгаа газрууд ч байгаа. Мөн дөнгөж үйлдвэрлэлийн процесс нь явагдаж байгаа газрууд ч бий. 10, 11, 12 дугаар сар бол өндөр үр өгөөжөө өгдөг цаг үе нь. Иймд үүнээс өсөлттэй гарч ирэх байх. Том зургаараа алтны салбар яагаад уналттай байна гэдэг өвчнийхөө оношийг л зөв олж харах ёстой.
-Тэр нь юу байна вэ?
-Мэдээж хэрэг бүх уул уурхайтай холбоотой байдаг, ижил төстэй зүйл нь тухайн төр засаг, ард иргэд нь уул уурхайг дэмждэггүй асуудал. Уул уурхай гэдэг бол өндөр эрсдэлтэй салбар. Асар их хэмжээний мөнгө шингэдэг. Тэр баялаг олддог, эсвэл олддоггүй. Олдоогүй нь маш том эрсдэлийг хүлээгээд, хүнд байдалд ордог. Харин эрсдэлтэй нүүр тулаад олснууд нь эргээд орон нутгийн иргэд болон төр засгийн эсэргүүцэлтэй тулгардаг. Ганцхан алт гэлтгүй нүүрс, зэс, төмрийн үйлдвэр, жонш гээд уул уурхайн салбар бол Монголын эдийн засгийг өсгөж байгаа хамгийн гол салбар. Үүнээс салаалаад бусад салбарууд тэжээгдэж байгаа. Шууд утгаараа Монгол Улсын эдийн засаг уул уурхай дээр тогтдог. Тэгэхээр уул уурхайгаа эсвэл зарим улс орон шиг Үндсэн хуульдаа хориглоод, уул уурхайг ашиглахаа болих хэрэгтэй. Эсвэл дүрэм журмынх нь дагуу олборлодог болгох хэрэгтэй. Тэгээд үүнийгээ тодорхой болгох хэрэгтэй. Хоёрдугаарт, засаг захиргаатай эрх зүйт төрөөс гаргаж байгаа тогтоол шийдвэрүүд нь хэрэгжээд үг дуугүй биелэгдээд явдаг байх хэрэгтэй. Эсвэл тухайн орон нутгийн иргэдийн зөвшөөрлөөр, хяналтаар ажиллах гэх мэт дүрмүүдээ тодорхой болгохгүй бол бодит байдал дээр хоорондоо зөрчилдөөнтэй нөхцөл байдал үүсгэдэг. Яагаад ийм нөхцөл байдал үүсээд байна вэ гэхээр манай улсын энэ олон жил хөгжиж чадахгүй яваад байгаагийн шалтгаан нь авлига. Дэлхий дээр хамгийн өндөр авлигатай улсуудын эгнээд орсон байгаа нь манай улс маш их авлигатай байгаагийн баталгаа. Үүнээс болж орон нутгийн иргэд өөрсдийнх нь амьдрал ахуй, өрхийн эдийн засагт нь эерэг нөлөөлөл гаргадаггүйгээс болоод хажууд байгаа уул уурхайгаа ухуулах дургүй байдаг. Түүнээс биш Үндсэн хуулийн 6.2 дээр байгаа байгалийн баялаг нь ард түмнийх мөн үү гэвэл мөн. Тэр нь ашигт малтмалын нөөц ашигласны татвараар дамжаад төсөвт ороод, ард иргэдэд очих ёстой байдаг. Ийм дүрэмтэй. Харамсалтай нь асар их үрэлгэн, хулгай хийдэг төр засагтай улс учраас АМНАТ хэлбэрээр ч байна уу төсөвт цугларч байгаа мөнгө ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд зарцуулдаггүй болохоор тэмцдэг болчихоод байгаа юм.
Г.БАЛГАРМАА





Үндэсний цэцэрлэгт хүрээлэн илүү хүртээмжтэй болгоно
Хан-Уул дүүргийн 17, 18 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хорооны иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийн дагуу Үндэсний цэцэр...
5 цагийн дараа
Аравдугаар сарын эхний долоо хоногт дараах хилийн боомтууд ажиллахгүй
Хилийн боомтуудын ирэх аравдугаар сарын ажиллах цагийн хуваарийг Гаалийн ерөнхий газраас гаргалаа. БНХАУ-ын намрын дунд сарын баяр а...
4 цагийн дараа
Ё.Басхүү Чиндао гран при тэмцээнээс алтан медаль хүртжээ
Чиндао гран при тэмцээний эхний өдөр 6 тамирчин медалийн төлөө шалгарч үлдсэнээс 1 алтан медаль, 3 хүрэл медаль хүртсэн амжилттайгаа...
3 цагийн дараа
Алтай хотхон орчимд 640 хүүхдийн суудалтай сургууль барина
ХУД-ийн 3 дугаар хороо, “Жигүүр Гранд Групп” ХХК-ийн эзэмшлийн талбайг нийслэлээс зөвшилцөж, 640 хүүхдийн суудалтай сург...
2 цагийн дараа
Багануур чиглэлд өөрчлөлт оруулж, Бага тэнгэр рүү үйлчлэх Ч:84 чиглэлийг шинээр нээлээ
Нийтийн тээврийн хэрэгслийн хүлээгдлийн хугацааг багасгаж иргэдийн зорчих эрэлт хэрэгцээг хангах, нийтийн тээврийн үйлчилгээний хүрт...
20 минутын дараа
Сэтгэгдлүүд