мэдээ
Ч.Нарантуяа: Бид дэлхийн хэмжээний цалин хөлс нэхээгүй шүү дээ

Админ
2025 оны 10 сарын 17

31

Эрүүл мэндийн салбарын ажилтнууд цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж, жагсаал цуглаан зохион байгуулсан билээ. Тэгвэл тэдний шаардлагын дагуу цалин нэмэгдүүлэх гурван талт хэлэлцээр уржигдар болсон юм. Хэлэлцээрээр эмч нарын цалинг 10-15 хувиар нэмэх Засгийн газрын шийдвэр гарсан. Гэвч үүнийг эсэргүүцэж, эмч нар өчигдрөөс төв талбайд суулт зарлаж эхэллээ. Энэ талаар Монголын эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ч.Нарантуяатай ярилцлаа.
-Эрүүл мэндийн салбарынхан цалингаа нэмэгдүүлэх шаардлага тавьж, төв талбайд суулт зарлаж эхэллээ. Төр засгийн зүгээс цалинг 15 хувь хүртэл нэмэгдүүлнэ гэсэн шийдвэр гаргасан. Энэ талаар танай холбоо байр сууриа илэрхийлнэ үү?
-Эрүүл мэндийн салбарынхан анх аравдугаар сарын 9-ний өдөр “Эрүүл мэндийн салбарын зөв шинэчлэлийн төлөө” гэсэн сэдэвтэй жагсаал цуглааныг хийсэн. Энэ жагсаал цуглаанаас УИХ, Засгийн газар гээд эрх бүхий хүмүүст шаардлага хүргүүлсэн юм.
Уг шаардлагын хариуг энэ сарын 17-ны өдөр авах байсан. Ингээд Эрүүл мэндийн яамнаас аман байдлаар дуудаж, хэлэлцээрт оролцох гурван талын төлөөлөл уулзсан. Ингэхдээ үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүргэх шаардлага маань хэрүүл маргаанаар эхэлж, тодорхой үр дүнд хүрээгүй. Эмч нарын цалинг 15 хувиар л нэмэгдүүлэх боломжтой гэдгээ сайд хэдэн талаас нь тайлбарласан. Эмч, ажилтнуудын маань шаардаж буй цалинг 3.5 сая төгрөгт хүргэх талаар энэ онд байтугай ирэх онд ч боломжгүй гэдгээ хэлээд, Засгийн газрын байр суурь дээрээ бат зогсож байсан. Ийм байр суурьтай байсан учраас миний бие тэр хэлэлцээрийг орхиж гарсан. Эрүүл мэндийн салбарын эмч ажилтнууд цалингаа 3.5 саяд хүргэхийн тулд УИХ-аар хэлэлцэж байгаа 2026 оны Монгол Улсын төсвийг эргүүлэн татаач ээ гэсэн шаардлага тавьж, өнөөдөр (өчигдөр) суулт хийлээ.
-Хүний хөдөлмөрийг зөв шударгаар үнэлэхгүй, бага цалин тогтоож байгаа нь хамгийн гол асуудал. Тэгэхээр бодит байдал дээр эмч нар маань ямар байдалтай байна вэ?
-Суултын үеэр эмч, ажилтнууд хэвлэл мэдээлэлд ярилцлага өгч, байр сууриа илэрхийлсэн. Суултад оролцоод үг хэлж байгаа эмч нар маань “Бидний хөдөлмөрийн үнэлэмж маш доогуур байна, бид энэ амьдралынхаа арван жилийг сурч боловсрох, мэргэжил эзэмшихэд зарцуулсан. Одоо бол тусгай мэргэшил, боловсрол шаардахгүй, энгийн ажил гүйцэтгэж байгаа хүмүүсээс хоёр дахин бага цалин авч байна. ТҮК-ийн ажилчин гэхэд 3.5 сая төгрөгийн цалин авч байна. Тэгэхэд нарийн мэргэжил эзэмшсэн эмч нар хоёр сая төгрөгийн цалин авч чадахгүй байна” гэсэн байр суурьтай байсан. Энэ бол эмч нарын тэмцэл хөдөлгөөн хийх гол шалтгаан юм.
-Энэ цаг үед хөдөлмөрийг шударгаар үнэлэх гэдэг зүйл хамгийн их яригддаг шүү дээ?
-Хөдөлмөрийн үнэлэмж бол амьдралын баталгаа. Дөрвөн ам бүлтэй айлын эхнэр, нөхөр хоёр хоёулаа эрүүл мэндийн салбарт ажилладаг. Тэгэхэд өнөөдөр орон сууцны зээлтэй, цалингийн зээлтэй, 2-3 аппликэйшний зээлтэй байна. Ингээд авсан цалин нь бага учраас энэ зээлүүдээ төлөөд, үр хүүхдэдээ зарцуулах мөнгөө хуруу хумсаа хугалан байж олж байна. Бид дэлхийн хэмжээний цалин хөлс нэхээгүй. Олон улсын түвшинд хүрсэн эмчилгээ, үйлчилгээг үзүүлж байгаа ч авч байгаа цалин нь улсын дунджаас доогуур байгаа нь үнэхээр гутамшигтай. Тус асуудлыг шийдэхийн тулд төр бодлогоор эрүүл мэндийн салбарт тогтолцооны шинэчлэлийг хийгээч ээ гэсэн шаардлагыг тавьж байгаа. Өнөөдөр (өчигдөр) яам дээр хэвлэлийн хурал хийсэн гэсэн. Энэ хэвлэлийн хурал дээр биднийг улстөржсөн байдлаар асуудал болгож ярьсан байна лээ. Энэ бол цэвэр эмч, ажилтнуудаас гарсан шаардлага. Тиймээс УИХ-д байгаа 126 гишүүн хүлээж авах хэрэгтэй. Энэхүү гишүүд дотор их эмч мэргэжилтэй нэлээд олон гишүүн бий шүү дээ. Ер нь бүгд нийлээд салбарын зөв шинэчлэлийн төлөө бодлого боловсруулж, хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Харамсалтай нь хариуцлага тооцох болохоороо маш өндөр хариуцлага тооцдог. Бүр 80 сая төгрөгийн торгууль хүртэл ногдуулдаг юм билээ. Дээрээс нь Эрүүгийн хуулиар хэрэг үүсгээд, шалгаад явчихдаг. Ийм өндөр хариуцлагатай ажлыг үнэгүйдүүлж байгаа нь төрийн бодлого алдагдсан, дүнхүүрсэн байгаагийн шинж. Нөгөө талдаа гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоо гажуудсанаас үүдээд эмнэлгүүд санхүүжилтээ авч чадахгүй байна. Үүнээс болоод ард иргэдийн амь нас дээсэн дөрөөн дээр байна. Энэ бол үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүртэл ярихаар асуудал шүү гэдгийг бид суулт, тэмцэл хөдөлгөөнөөрөө илэрхийлсээр байгаа.
-Орон нутгийн эмч нар хүртэл энэ суултад оролцож байгаа харагдсан. Тэгэхээр нэлээд өргөн хүрээг хамарсан гэж ойлгож болох уу?
-Орон нутгийн эмч нар оролцож байгаа. Өнөөдөр (өчигдөр) гэхэд Увс аймгаас эхлээд нэлээд хэдэн аймгийн эмч нар суулт хийсэн байна лээ. Маргаашнаас (өнөөдрөөс) нэмэгдээд явна. Ер нь үндэсний хэмжээний тэмцэл хөдөлгөөн өрнөсөн байгаа. Яагаад гэвэл ард иргэдийн эрүүл мэнд, амь настай холбоотой асуудал шүү дээ. Ерөнхийдөө эрүүл мэндийн салбар тэр чигээрээ дарамтад байна. Дарга нар нь дээд удирдлагуудынхаа дарамтад, эмч ажилтнууд нь өөрсдийнхөө байгууллагын удирдлага болон бусад хүмүүсийн дарамтад байна. Мөн үйлчлүүлэгчдийн дарамтад байна. Үүнээс болоод ажлаас халшрах хам шинжтэй болж өөр ажилд орж байгаа жишээ маш олон бий. Ямар нэгэн хариуцлага хүлээхгүй ажил хийвэл 3.5 сая төгрөгийг сэтгэл амар авчих юм байна гэж хэлж байгаа эмч хүртэл байна. Нэг ёсондоо эмч нар төрийн дарамтад байна л даа.
Жагсаалын үед Ерөнхий сайдтай уулзсан уулзалтаар биднийг ажлын хэсэг гаргаад, эмнэлгүүдэд болохгүй байгаа зүйл дээр хяналт шалгалт хий гэсэн. Энэ бол төрийн хийх ажил болохоос биш Үйлдвэрчний эвлэлийн хийх ажил биш шүү дээ. Бид бол хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийнхээ эрхийг хамгаалахад л ажилладаг болохоос биш төрийн хяналт шалгалт хийдэг байгууллага биш. Бүх яамдад хяналт шалгалт хийдэг байгууллага нь тусдаа байгаа. Ер нь бид тавьж байгаа шаардлагынхаа төлөө тууштай явна.
-Цаашдаа суултаа үргэлжлүүлсээр байх уу?
-Асуудал шийдэгдэхгүй бол ажилт хаялт руу шилжинэ гэдгээ албан ёсоор мэдэгдээд байгаа. Өнөөдөр (өчигдөр) гэхэд эмч, ажилтнууд маань хөл гар нь даарсан, чичирсэн хүнд нөхцөлд байлаа. Гэхдээ бид цуцахгүй, няцахгүй. Тууштай тэмцэнэ. Энэ хүмүүст өөрсдийнхөө төлөө дуу хоолойгоо хүргэх хуулиар олгогдсон эрх нь нээлттэй байгаа. Энэ эрхээ л эдэлж байгаа. Тиймээс хэн нэгэн даргын дарамтад, бага цалин аваад ажиллаж чадахгүй гэдгээ төр засагт хүргэсээр байх болно.
Г.БАЛГАРМАА





“Даалгавар биелүүлж орлоготой болоорой“ зарын дагуу 5 иргэн холбогдож, 163 сая төгрөгөө залилуулжээ
Өчигдөр буюу энэ оны 10 дугаар сарын 16-ны өдөр “Телеграмм хаягаас даалгавар биелүүлж орлоготой болоорой” гэх зарын дагуу 5 иргэн ца...
8 цагийн дараа
Ц.Ариунаа: Баримтат кинондоо Монголын малчид ямар сорилттой тулгарч байгааг харуулсан
Австралийн найруулагч Габриел Брэдигийн “The Wolves Always Come at Night“ буюу “Чоно үүр шөнөөр ирдэг” баримтат кино одо...
8 цагийн дараа
Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр барих түншлэлийн гэрээ байгуулах эрх олгов
НИТХ-аас “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” төсөлд түншлэлийн гэрээ байгуулах эрхийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хо...
7 цагийн дараа
Төгрөгийн хадгаламж 23.5 их наяд төгрөгт хүрчээ
Банкин дахь төгрөгийн хадгаламж 2025 оны 9 дүгээр сарын эцэст 23.5 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 2.9 их ная...
6 цагийн дараа
Мансууруулах үйлчилгээтэй ургамлыг түүж бэлтгэн, хэрэглэдэг бүлэг этгээдүүдийг дайчлан баривчиллаа
Мансууруулах үйлчилгээтэй ургамлыг түүж бэлтгэн, хэрэглэдэг бүлэг этгээдүүдийг дайчлан баривчилсан байна. Тодруулбал, Сүхбаатар дүүр...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд