мэдээ
Ч.Отгочулуу: Тавантолгойн өгөөж тав дахин их байх боломжийг дотоодын улс төр хорлосон

МӨНХЖАРГАЛЫН МӨНХЦЭЦЭГ
2025 оны 10 сарын 17

49

Үе үеийн эрх баригчид, улстөрчдийн шуналын эх булаг нь Тавантолгойн орд дээр оргилсоор ирсэн. Нүүрс дагасан ашиг сонирхол, улс төрийн зодоон өнөөдөр бүр ил цагаандаа гарлаа. Уг нь өнөөдрийн энэ нүүрс тойрсон хэрүүл, хулгай үүрлэхгүй байх боломж арав гаруй жилийн өмнө бидэнд олдсон ч харамсалтай нь өнөөх улстөрчид, эрх мэдэлтнүүд үгүй хийчхэж билээ. Тухайн үеийн процедурыг хамгийн сайн мэдэх хүний нэг, эдийн засагч Ч.Отгочулуутай ярилцлаа.
-Тавантолгойн төслийг урагшлуулах ажил арваад жилийн өмнө эрчимжиж байхад энэ том ордыг гурван улсын консерциумаар ашиглах гэрээ яригдаж байсан даа. Монгол Улсын сайд М.Энхсайханы хариуцаж байсан тэр гэрээ манай талд ашигтай байсан гэдгийг одоо ч учир мэдэх улсууд ярьдаг. Яг ямар учиртай гэрээ байсан юм бэ. Танаас эхлээд түүхийг нь сонсъё?
-М.Энхсайхан сайдын ахалж байсан тэр гэрээний онцлог нь улсаас нэг ч төгрөг гарахгүйгээр хөрөнгө оруулагчид ихэнх ажлаа хийх том боломж байсан юм. Анх Зүүн Цанх дээр олон улсын консерциум зарласан байсан. Миний санаж байгаагаар олон улсын есөн том компани, групп баг болоод ороод ирчихсэн байлаа. Тухайлбал, Японоос “Иточу”, Америкаас “Пибоди энержи”, Хятадаас “Чайна шинхуа энержи” зэрэг дэлхийд нэр хүндтэй томоохон компаниуд байсан. 2012 оны сонгуулийн дараа Н.Алтанхуягийн Засгийн газар огцрохынхоо өмнө Тавантолгойн ордыг гадаад дотоодын хөрөнгөөр буюу олон улсын консерциумд түшиглэн хөгжүүлэх хэлэлцээг үргэлжлүүлэх шийдвэр гаргаж байсан юм. Ингээд төслийн хоёр дахь шатыг нь зарлахад зургаа бил үү есөн оролцогч үлдчихсэн байсан санаж байна. Нөхцөлөө ч өөрчилсөн. Тэрэндээ “Монголын талын компани 51 хувиа авна. Олон жилийн туршлагатай байх ёстой” гэсэн шаардлага тавьсан. Энэ шаардлагыг хангаж чадах компани манайд маш цөөхөн шүү дээ.
“Энержи ресурс”, “МАК” хоёр л байсан. Тэгээд хоёр дахь шатны шалгаруулалтыг богино хугацаанд зарласан. “Пибоди” “МАК”-тай хамтраад орж ирж байсан санагдаж байна. “Чайна шинхуа энержи” болохоор “Энержи ресурс”-тай хамтарсан, тэд арай илүү саналаар ялж байсан. Ер нь тэр үед нүүрсний үнэ өссөн байсан л даа. Бразил, Тайландын компаниуд ороод ирчихсэн байлаа. Зөвхөн гарын үсэг зурсны шагналд нэг тэрбум ам.доллар өгнө гэдэг ч юм уу, өрсөлдөөн их ширүүн байсан цаг. Гэвч нүүрсний үнэ буцаад унасан. Америкийн “Пибоди” зэрэг бусад том корпорациуд дампуурч таарсан. Бас оролцогчдын сонирхол ч эрс цөөрсөн. Манайх маш богино хугацаанд хоёр дахь шатны шалгаруулалтаа зарлахад Японы “Иточу” зэрэг том компаниуд гомдолтой л үлдсэн. Яагаад гэвэл тэд юманд яс ханддаг улс. Аливаа ажлыг хам хум хийчихгүй, их няхуур, удаан бэлддэг. Гэтэл хугацаа өгөлгүйгээр хурдан зарласан юм. Урьдчилсан нөхцөл хэлэлцэгдэж байхад яагаад ч юм Уул уурхайн яаман дээр яригдаж байсан төслийг тухайн үеийн парламентын дарга З.Энхболдын туслах нь олж аваад нийгэмд маш буруу мэдээлэл өгсөн байдаг. Эдийн засгийн форум болоод олон улсын хөрөнгө оруулагчид ирчихсэн, таатай уур амьсгал бүрдсэн байлаа. Гэтэл маргааш өглөө нь “Тавантолгойн хөрөнгө оруулалтын гурван улсын консерциумын гэрээг зогсооно. Засгийн газрыг огцруулна” гээд тасхийтэл эхэлсэн л дээ, мань хүн. Хуулийг буруугаар мушгиж тайлбарлаж байсан. Яагаад гэвэл Ашигт малтмалын лицензийг тэр үед 30 жилээр л өгдөг байлаа. Мэдээж гадаадын хөрөнгө оруулалттай компанид газар эзэмших эрхийг өгөхгүй. Усны зөвшөөрлийг 30 жилээр олгодог. Лицензийг нь 20, 20 жилээр сунгаж болно гэсэн хуультай. Лицензийг хамгийн уртдаа 70 жилээр сунгахыг хуулинд зөвшөөрдөг. Гэтэл зориуд хуулийг гуйвуулж, усны зөвшөөрөлтэй нь нийлүүлээд 100 жил гэж зохиомол тоо гаргаж ирэнгүүтээ “Газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэлээ” гээд өндрийг нь авахуулчихсан хэрэг. Ингээд том төслийн үр өгөөжийг баллуурдаж, нийгмийн бухимдлыг өдөөснөөр тэр гэрээ зогссон. Тухайн үед Монголын тал гэрээ хийж байсан хамтрагчдаа олигтой тайлбар ч хийж чадаагүй.
-Олон улсын консерциум Тавантолгойн ордыг ашиглахад манайхаас нэг ч төгрөг гарахгүй, хөрөнгө оруулагчид бүх зардлыг хариуцахаар давуу талтай байсан гэж та ярианыхаа эхэнд хэлсэн. Гэрээний нөхцөл нь ямар байсан юм бэ?
-Олборлолт дээр хоёр хувилбар яригдаж байсан. Лицензийн эрхийг “Эрдэнэс Тавантолгой” өөрөө эзэмшинэ, тэгвэл оператор буюу олборлогч компани нь “Энержи”, “Шинхуа” хоёр байх бөгөөд бүх хөрөнгийг гаргана. Төмөр замд өмнө оруулчихсан байсан санхүүжилтийг манайд өгөх нөхцөлтэй байсан. Гэтэл “Шинхуа” үүн дээр олон улсын аудит оруулна гэж байлаа. Харин энэ үг Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний том эсэргүүцлийг өдөөчихсөн юм болов уу гэж хардаг юм. Уг нь тэр үед төмөр замаа дуусгачхаад дээр нь явах эд анги үндэсний компани байя гэсэн. Улаанбаатар төмөр зам оросуудтай хамтарсан учраас энд Монголын төмөр зам орж ирсэн л дээ. Хэрэв тэр төмөр зам тавигдсан бол бид цаашаа нүүрсээ чөлөөтэй зарж болох байлаа. Хятадууд, япончууд ч авах бүрэн боломжтой. Ерөнхийдөө Японы “Сумитомо” корпораци “Бид борлуулалтыг нь авъя” гэдэг байдлаар явж байсан боловч нам зогссон юм. Дараа нь Ч.Сайханбилэгийн Засгийн газар гарч ирээд 2015 оны үед Тавантолгойн хөрөнгө оруулалтын төслийг явуулах гэж нэлээд үзсэн.
-Тэр үед өмнөхөөсөө арай өөр хувилбар яригдаж байсан бил үү?
-“Төслийн компани байгуулъя. Тэрэн дотроо хувийн хэвшлээс “Энержи ресурс”, төрийн өмчтөөс “Эрдэнэс Тавантолгой” ч орог. Энэ хоёр нийлээд 51 хувь байж болно. Үлдсэн 49 хувь дээр нь “Чайна Энержи” орж болно гээд төр хувийн хэвшил, гадаадын хөрөнгө оруулагч орсон төслийн компани байгуулаад тэрэнтэйгээ хөрөнгө оруулалтын гэрээ хийчихье” гэсэн хувилбараар явж байсан. Төслийн компани хөрөнгөө оруулаад төмөр замд оруулсан зардлыг нөхөөд, төмөр замын барилгын ажлаа гүйцэтгэнэ гэж байсан. Гэхдээ төмөр зам дээр явж байгаа компани хөндлөнгийнх байх нөхцөлтэй. “Яагаад гэвэл тээвэр, борлуулалт тусдаа байхгүй бол болохгүй. Гол ашиг тээвэрт явж байгаа. Борлуулалт ч бас тусдаа байх ёстой. Тэгж байж хяналт явагдана” гэж үзсэн хэрэг. Харин роялтийн хувьд өсөн нэмэгдэх байдлаар гэрээндээ зааж өгсөн байсан. Нүүрсний үнэ өсөх тусам манайд ирж байгаа өгөөж нь нэмэгдэх байсан л даа.
-Хэрэв тэр үед хийж байсан гэрээ хэрэгжсэн бол бол Монголын эдийн засаг өнөөдөр ямар болсон байх бол. Танд ямар төсөөлөл байдаг вэ?
-Манай эдийн засаг одоогийнхоосоо лав 2-3 дахин том байгаа. Яагаад гэвэл нэг хэсэг нүүрсний үнэ тн тутамдаа 400 ам.доллар байлаа шүү дээ. Гэрээнд “Шинхуа” бол маш сайн боловсруулах чадвартай үйлдвэр барихаар байсан. Өөрсдөө хөрөнгө оруулчихсан юм чинь худалдаж авах нь гарцаагүй. “Шинхуа” Хятад даяар тархсан сүлжээтэй. Харин япончууд цаашаа манай нүүрсийг зарчихна. Багаар бодоход бид жилд 30 сая тн нүүрс зараад байсан бол 12 тэрбум ам.доллар олох боломжтой байлаа. Нүүрсний нийлүүлэлт өссөн жилүүдэд дор хаяж 30 тэрбум ам.доллар олох байсан гээд бод доо. Тэр мөнгөнөөс ихэнх нь Монголд үлдэнэ. Гэтэл одоо “Эрдэнэс Тавантолгой” яаж байна. Нүүрсээ сорчилж ашигладаг. Дээрээс нь маш үр ашиггүй, хэтэрхий олон хүн ажиллаж байгаа. Нэг хүний ажлыг тав, арвуулаа хийдэг. Тэгсэн мөртлөө нүүрсээ гадны оператор компаниар буулгаж байна. Нойлын цаасаа хүртэл гадны компаниар нийлүүлж байна. Төв оффис, сайт нь хэтэрхий олон хүнтэй. Голдуу улстөрчдийн шахаагаар ороод ирдэг. Хамгийн хайран нь нүүрсээ сорчлоод, өрмийг нь хямд зарчихаж байна. Жишээлбэл, Австрали яг манайхтай ижил нүүрсээ хятадад 190 ам.доллараар зарж байгаа. Харин оросууд 120 ам.доллараар зардаг бол манайх 70 ам.доллараар өгч байна. “Эрдэнэс Тавантолгой”-гоос орж ирж байгаа мөнгөний тал хувь нь орлого оффтейк гэрээ рүү явчихаад байгаа юм. Экспорт өндөр, эдийн засаг сүрхий өссөн үзүүлэлттэй харагдаад байгаа ч гэсэн бодитой мөнгө нь орж ирэхгүй байна л даа.
-Ер нь Тавантолгойн ордыг олон улсын консерциумаар явуулсан бол өнөөдрийн энэ нүүрсний хулгай гарахгүй байсан биз дээ?
-Тэр мэдээж. Ямар ч хулгай, дээрэм, авлига байхгүй. Улс төр ч харьцангуй цэвэрхэн байх байсан. Одоо төрд нүүрс тойрсон зодоон л зонхилж байна шүү дээ. сүүлийн хоёр сонгууль ерөөсөө л нүүрс ярьж зодолдлоо. Нүүрснээс орж ирсэн мөнгөөр хийж гийгүүлсэн ганц ажил нь зүүн тийшээ явсан хөндлөн төмөр зам барих шив. Хэнд ч хэрэгггүй зам, хайран хөрөнгө. Хэрвээ гурван улсын консерциумаар явсан бол хил холболтоо хийчих боломжтой байсан. Одоо манайх ямар ч ашиггүй нөхцөлөөр хил холболтоо хийж байна. Есхөн км замын зургаа нь гүүрэн байгууламж. 20 сая тн нүүрсээр бартер хийчихнэ гэл үү. Энэ тохироо бол маш муу нөхцөл. Хөрөнгө оруулагч буулт хийж болох байсан хамгийн доод цэгээс хамаагүй доод түвшинд сая буулт хийчихлээ. Би үүнд Хятадын талыг буруутгах боломжгүй. Манай нүүрсийг хэдий хямд авч байгаа ч гэсэн цорын ганц худалдан авагч шүү дээ. Хэрэв нүүрсний экспорт байхгүй байсан бол манай эдийн засаг 2-3 дахин жижигхэн байгаа. Тэгэхээр миний хувьд 100 хувь дотоодын улс төрөө буруутгадаг. Бид нар хоороноо зодолдоод байж байхад хойд хөршид том, том нүүрсний ордууд ашиглалтад орчихлоо. Орос өөрсдөө нарийн төмөр зам бариад, тэрүүгээрээ манай зүүн талаар Хятад руу нийлүүлж байгаа.
-Тавантолгойн ордыг олон улсын консерциумаар ашиглах гэрээг зогсоосон шийдвэрийн талаар та ямар байр суурьтай байдаг вэ. Тухайн үед улстөрчид хэний ашиг сонирхлыг хамгаалав. Аль эсвэл дотоодын улс төрийн тэмцлээ дийлэхгүй улсаа хорлосон гэж үздэг үү?
-Тэр үед Тавантолгойн орд дээр хяналтаа тавья гэсэн дотоодын өрсөлдөөн их байсан. Явж, явж Тавантолгойн гол өрсөлдөгч нь ОХУ юм шүү дээ. Тэд урьд нь ашиглаж байсан хоёр, гурван нүүрсний том ордтой. Одоо эдгээр нь бүрэн хүчин чадлаараа ажиллаад эхэлчихсэн. Хятадын зах зээлийн төлөө бүгд өрсөлдөж байна. Бид газар зүйн байрлалын давуу талаа ашиглаад зарим үед нүүрсний зах зээлд хамгийн том тоглогч болчихдог. Харин зарим үед хятадууд манайхаас нүүрс авахаа больчихдог. Оронд нь Австрали юм уу, Хойд Солонгосоос авч байх жишээтэй. Сүүлийн үед манай хамгийн том өрсөлдөгч ОХУ болчихоод байгаа. Мэдээж өрсөлдөгч орон манай экспортыг бага байгаасай гэж бодно биз дээ. Нууц биш нууц юм даа.
-Манай улс Тавантолгойгоос өндөр ашиг хүртэх таатай боломжоос татгалзаж, олон улсын гэрээг зогсоосон явдал гадаадын хөрөнгө оруулагчдад маш муу мессэж болсон. Үндсэндээ хөрөнгө оруулагчдын итгэлийг алдсанаас болж мега төслүүдээ ч хөдөлгөж чадахгүй сууж байна. Монгол Улсыг хөгжүүлэхгүй гэсэн гадны бодлого дээр дотоодын улстөрчдийн уул уурхайд үүрлэсэн шуналын эсрэг төр яаж ухаалаг ажиллах ёстой вэ?
-Мэдээж “Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг гурван улсын консерциумаар явуулбал Засгийн газрыг огцруулна” гээд парламентын дарга нь мэдэгдэл хийхээр чинь гадны хөрөнгө оруулагчид шоконд орно биз дээ. Тэд аль нь Засгийн газар, аль нь УИХ гэж харахгүй. Монголын төр л гэж харж байгаа. Манайхан дотроо өчүүхэн жижиг улс төр хийдэг. Тэрийг нь хоёр хөрш ашигладаг. Дээр нь манайхыг гэсэн гурав дахь хөршүүд болох Япон, Энэтхэг зэрэг улс гайхаад хоцорч байгаа шүү дээ. Улстөржилт нь хэтэрхий уул уурхай руугаа ороод татаж унагаана. Уул уурхай нь эргээд улс төрөө татаж унагаана. Гол уулзалдаж байгаа цэг нь стратегийн орд гэж дэлхий дээр байхгүй балай юмнаас болж байна. Стратегийн орд дээр үйл ажиллагаа явуулж буй компанид өөрийн хүмүүсээ тавихын тулд намууд хоорондоо зодолдож байна. Нам дотроо зодолдож байна. Бүлэглэлүүд нь хоорондоо зодолдож байна. Бүлэглэлүүд дотроо ч зодолдож байна. Ер нь буруу тийшээ явчихлаа л даа. Уул уурхайгаар хөгжсөн улсуудыг харж байхад яг энэ зовлонг туулчихсан учраас менежментийг нь дандаа хувийн хэвшилд өгчихдөг юм байна. Төр өмчилж болно. Менежмент нь заавал хувьд байх ёстой. Бидний жишээ авдаг Норвегийн газрын тос байна. Гэхдээ газрын тос зардал багатай, нүүрснээс арай өөр л дөө. Тэнд үйл ажиллагаа явуулж байгаа компани нь тусдаа. Тэрийг нь төв банкнаас нь томилдог. Сангийн яам нь төрийн өмчлөлийн эрхийг л шилжүүлдэг. Тийшээ оролцох эрхгүй. Менежмент рүү нь ороод байдаггүй гэсэн үг. Менежмент нь яг хувийн хэвшилтэй ижил өндөр цалинтай. Тайлангаа парламентдаа тайлагнадаг. Өөрөөр хэлбэл, улс төрийн нөлөөг асар их саармагжуулж байгаа биз. Манайх эсрэгээрээ. Хэдэн яам юм уу, сайдын хүмүүсээр дүүрдэг. Сайд нь УИХ-ын гишүүдийн чихээсийг татаж аваад хамгаалалт үүсгэчихнэ. Тэгээд дандаа таньдаг хүмүүсээ авчхаад мэргэжлийн улсуудыг бүгдийг нь шахаад гаргачихсан. Бид нүүрсээ л зарж ам.доллар олдог. Тэрнийхээ 500 сая ам.долларыг тээвэрт өгөөд байгаа. Энэ бол хадгалж болох зардал. Ерөөсөө л дотоодын улстөрчдийн зодооноос үүдэлтэй алдагдсан боломж.
-М.Энхсайхан гуай Тавантолгойн ордыг олон улсын консерциумаар ашиглах гэрээнээс болж буруутгагдаад шоронд хүртэл орж байсан. Түүнийг эх орноосоо урвасан, үндэсний аюулгүй байдалд халдсан зэргээр элдэвлэж байсан шүү дээ. Үнэхээр тэр гэрээ нь хууль зөрчсөн үйлдэл юм уу?
-Нөхөр бол яг л тэр үеийн Ашигт малтмалын тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу ажилласан байдаг. Мега төсөл хариуцсан яамгүй сайд байсан хүний хувьд чиглэлийн холбогдох яамдаас нь мэргэжлийн хүмүүсийг татаж авчраад “Эрдэнэс Тавантолгой” дээр суурилж дэд ажлын хэсэг байгуулсан. Тэгээд салбарын сайд нартайгаа юмаа хамгаалаад явсан. Нөхрийг буруутгахдаа улс үндэстнээсээ урвасан маягийн юм их явсан нь үнэн. Тэр нь мэдээж нотлогдохгүй. Гэтэл төслийн мест дээр байхдаа автомашин авсан гэх асуудалд буруутгаад ял өгсөн байдаг. Хэвлэл мэдээллээр нэлээд нүдчихсэн учраас “нус” наагаад ял өгсөн байх гэж боддог. Тэнд бол эх орноосоо урвасан үйлдэл байхгүй. Цаад компани нь улсдаа нэр хүндтэй. Авлигын эсрэг маш хатуу стандарт барьж ажилладаг олон улсын компани. Хятадын төрийн өмчит компаниуд олон улсын сайн засаглалуудыг нутагшуулчихсан. Тиймээс авлига ашиг сонирхлын зөрчил гаргах ямар ч боломжгүй. Мэргэжлийн яамд орсон баг ажиллаж байсан. Сонгон шалгаруулалт нь ил явсан шүү дээ. Бүр Засгийн газрын тогтоолоор ч батлагдсан. Н.Алтанхуягийн Засгийн газраас ч өмнө зарлагдсан байсан тендерийн үргэлжлэл. М.Энхсайхан гуайн хувийн байр суурь аль болохоор либерал, чөлөөт зах зээлийн зарчмаар хувийн хэвшил дээр тулгуурласан байсан. Тэр үед Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлагдсан байлаа. “Уул уурхай дээр төр орж ирдгээ больё. Эрж хайх асар их зардалтай. Олборлох салбарт төр орохоо болиод хяналт, тайлагнах дээр нь ажиллая. Цаашдаа стратегийн орд гэж нэмэхээ больё. Уул уурхай дахь төрийн оролцоог багасгаад хувийн хэвшил дээр тулгуурлаад олон улсад өрсөлдөх чадвартай уул уурхайтай болъё” гэсэн бодлого хүртэл батлагдсан байсан. Гэтэл гэнэт тэр гэрээ үндэсний аюулгүй байдалд харш болоод явчихсан. Харамсалтай юм болсон л доо.
-Монголчуудыг тэжээж байгаа нүүрс маань ганцхан худалдан авагчтай байна. Бид гарцаа яаж нэмэгдүүлэх вэ?
-Манай давуу тал бол зэс, нүүрсний чанар гайгүй, үнэ боломжийн байна. Хамгийн гол нь бид Хятадын боловсруулах үйлдвэрүүдийн яг шилэн хүзүүн дээр байгаа. Хэрэв М.Энхсайхан гуайн хариуцсан гэрээгээр явж байсан бол манай нүүрс Энэтхэгт очих байлаа. Яагаад гэвэл тэр үед “Шинхуа” өөрсдийн хөрөнгөөрөө төмөр замаа манайх руу тулгаад барьчихсан байсан. Тэгээд гялс холболтоо хийсэн бол Тянжин хүртэл явчих байлаа. Тэндээсээ цаашаа далайн тээврээр Япон, Энэтхэг рүү явчихаж болно л доо. Хятадууд угаасаа коксжих нүүрс, коксоо ингэж экспортолдог. Тэр бэлэн өртгийн сүлжээ рүү эхний ээлжинд холбогдоод авах ёстой байсан юм. Одоо хүртэл тус сүлжээнд хангаж чадаагүй л байна даа.
-Магадгүй Тавантолгой дээр дахиад олон улсын томоохон компаниуд хөрөнгө оруулж, орж ирэх сонирхлоо илэрхийлбэл бид юун дээр анхаарах хэрэгтэй вэ?
-Одоо ч бараг орж ирэхгүй байх аа даа. Орж ирвэл хятадууд л сонирхох болов уу. Эсвэл гуравдагч хөршүүд орж ирж магадгүй. Оросуудад бас сонирхол бий. Гэхдээ тэд хаах гэж л орж ирнэ. Дээр хэлсэнчлэн гол өрсөлдөгч нь бид. Мөн Австрали ч үзнэ гэх байх. Гол зорилго нь хаах талдаа. Манай нийлүүлэлт буурчих юм бол Орос, Австралийн нийлүүүлэлт өснө. Хятадын коксжих нүүрсний хэрэглээ 300 сая тн орчим байгаа. Аажмаар өсөөд 350 сая тн болох байх. Үүнийхээ 80-100 саяыг импортоор авдаг. Энэ орон зай дээр Монгол, Австрали, Орос гурав зодолдож байгаа. Зарим үед Хойд Солонгос гээд жижиг улсууд орж ирдэг. Сүүлийн үед казахууд орж ирж магадгүй болчихоод байна. “Бүс ба зам”-аар нийлчих юм бол Афганистанд том орд байгаа. Хятадад сонголтууд нэмэгдэх тусам манай нүүрсний өрсөлдөх чадвар буурч, үнэ унаад л байна. Бид үүлэн чөлөөний нарыг алдчихсан. Дахиад гарч ирэхэд нь бас алдчихсан. Одоо гурав дахь удаа бидэнд итгэх хүн байхгүй. Манай хамгийн том сул тал бол дотоод улс төр.





“Даалгавар биелүүлж орлоготой болоорой“ зарын дагуу 5 иргэн холбогдож, 163 сая төгрөгөө залилуулжээ
Өчигдөр буюу энэ оны 10 дугаар сарын 16-ны өдөр “Телеграмм хаягаас даалгавар биелүүлж орлоготой болоорой” гэх зарын дагуу 5 иргэн ца...
8 цагийн дараа
Ц.Ариунаа: Баримтат кинондоо Монголын малчид ямар сорилттой тулгарч байгааг харуулсан
Австралийн найруулагч Габриел Брэдигийн “The Wolves Always Come at Night“ буюу “Чоно үүр шөнөөр ирдэг” баримтат кино одо...
8 цагийн дараа
Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр барих түншлэлийн гэрээ байгуулах эрх олгов
НИТХ-аас “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” төсөлд түншлэлийн гэрээ байгуулах эрхийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хо...
7 цагийн дараа
Төгрөгийн хадгаламж 23.5 их наяд төгрөгт хүрчээ
Банкин дахь төгрөгийн хадгаламж 2025 оны 9 дүгээр сарын эцэст 23.5 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 2.9 их ная...
6 цагийн дараа
Мансууруулах үйлчилгээтэй ургамлыг түүж бэлтгэн, хэрэглэдэг бүлэг этгээдүүдийг дайчлан баривчиллаа
Мансууруулах үйлчилгээтэй ургамлыг түүж бэлтгэн, хэрэглэдэг бүлэг этгээдүүдийг дайчлан баривчилсан байна. Тодруулбал, Сүхбаатар дүүр...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд