мэдээ
О.Батнайрамдал: Оюутолгой ХХК “Онтрэ”-д 6.7 хувиар зээл өгчихөөд, “Рио Тинто”-д 11 хувийн хүү төлөх нь зах зээлийн зарчим биш

МӨНХЖАРГАЛЫН МӨНХЦЭЦЭГ
2025 оны 9 сарын 28

71

УИХ-ын гишүүн, Оюутолгойн бүлэг ордын ашиглалтыг Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдалтай ярилцлаа.
-Танай хянан шалгах түр хороо анхны хурлаа хийлээ. Олон ноцтой асуудал яригдаж байна. Үүний нэг нь Оюутолгойн зээлийн хүүгийн асуудал. Рио Тинтогоос бид 11 хувийн хүүтэй зээл авдаг, хүүнээс хүү тооцдог гэж байна. Яагаад Монгол ингэж өндөр хүүтэй зээл авах нөхцөлд гарын үсэг зурахад хүрэв?
-Оюутолгойн үндсэн хоёр асуудалд өнгөрөгч долдугаар сард УИХ дээр түр хороо байгуулсан. Нэгдүгээрт, Оюутолгойн бүлэг ордын стратегийн ач холбогдол бүхий хил хязгаарт хамаарч байгаа “Онтрэ” компанийн эзэмшилд буй “Жавхлант”, “Шивээ толгой” гэсэн хоёр компанийн лицензийн асуудал яригдаж байгааг бүгд мэднэ. Энэ хоёр лиценз дээр Монгол Улсын эрх ашиг хангагдаж, Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай хууль тогтоомжид нийцүүлэн төрийн эзэмших хувь яригдах ёстой. 20 жилийн турш одоог хүртэл хийгдэхгүй явж ирсэн энэ асуудал шийдэгдэх цаг болсон. Энэ бол хянан шалгах түр хороо авч үзэж шийдэх ёстой асуудал. Хоёр дахь нь зээлийн хүүтэй холбоотой. Ер нь Оюутолгой төслийг том зургаар нь авч үзвэл өнгөрсөн 16 жилийн хугацаанд дэлхийн хэмжээний бүтээн байгуулалтад 26 тэрбум ам.долларыг зарцуулсан. Дэлхийд топ тавд орох зэсийн уурхайн бүтээн байгуулалтыг ийм өртгөөр босгож байна гэж болно. Энэ хөрөнгө оруулалтын 20 тэрбум нь зээлийн санхүүжилт. Нэг ёсондоо өнөөдрийг хүртэл 20 тэрбум ам.долларын зээл авсан, үүний 12 тэрбум ам.доллар нь хувь нийлүүлэгчдийн зээл. Юу гэсэн үг вэ гэвэл толгой компани болох “Рио Тинто”-гоос охин компани Оюутолгойдоо өгсөн зээлийн хэмжээ нь юм. Анх авсан зээлээ уван цувуулж эргэж төлөөд, 2010 оноос хойш 6.1 тэрбум ам.долларын зээлийг “Рио Тинто” компаниас Оюутолгой авсан. Үүний хүүгийн хүү нь өнөөдөр тооцогдож, бодогдож явсаар байгаад 12 тэрбум ам.доллар болчихсон. Уг нь авсан зээл нь 6.1 тэрбум, харин зээлийн тэн хагас нь буюу зургаан тэрбум ам.доллар хүүгийн хүү болж байгаа юм. Анх өндөр хүүтэй зээл авсан нь өнөөдөр байдал иймд хүрчихээд байна.
Энэ хүүг бууруулах талаар бид яриад байгаа юм. Анх 2009 онд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахаас гадна хувь нийлүүлэгчдийн гэрээ гэж байгуулсан. Энэ гэрээ өнөөдрийн ноцтой үр дагаврыг авчирсан байдаг. Энэ гэрээн дээр Засгийн газрыг төлөөлж хэн нэгэн гарын үсэг зураагүй, УИХ-аар оруулаагүй. Гэхдээ олон чухал заалт энэ гэрээгээр зохицуулагдаж ирсэн. Энэ гэрээг анх 2009 онд хөрөнгө оруулалтын гэрээтэй хамт баталж, дараа нь 2011 онд нэмж тодотгосон. Тэгэхээр энэ гэрээг УИХ-аар батлуулсан уу, гишүүд мэдэж байсан уу, мөн 2011 онд өөрчлөлт оруулахад УИХ, Засгийн газраас чиглэл авсан уу гээд яригдах асуудлууд их бий.
-Тухайн үед ямар хууль эрх зүйн орчин нөлөөлсөн юм бол?
-Зээлийн хүүг анх гэрээ байгуулахдаа тохирсноос хойш нэг ч удаа өөрчлөөгүй явж ирсэн. С.Баярцогт Сангийн сайд байхдаа тохирсон нөхцөлүүд гэсэн үг. Энэ хүү өндөр байсан учраас өнөөдөр нийт зээлийн хагас нь хүүгийн хүү болчихоод байна. Тухайн үед буюу 2009 онд эдийн засаг нэгдүгээрт, жижиг байсан. Хоёрдугаарт, төсөл дөнгөж эхэлж байсан гэдэг нь төслийн эрсдэл хамгийн өндөр байсан үе гэж ойлгож болох юм.
Өнөөдөр 2025 он. 16 жилийн дараа төсөл 100 хувь дууссан ч тэр үеийнхээ хэмжээгээр бид хүү төлж байгаа нь зах зээлийн зарчмын хувь гажуудал. Төсөл сайжрах тусам хүү багасах ёстой. Эдийн засаг томрох тусам эрсдэл багасахын хэрээр хүү буурдаг. Гэвч бид анхныхаараа л төлж байна.
-Энэ олон жил болж байхад хүүгийн хувийг өөрчлөх боломж байгаагүй гэж үү?
-Энэ өндөр хүүг өөрчлөх боломж байсан уу гэвэл байсан. Хувь нийлүүлэгчдийн гэрээнд 2011 онд нэмэлт өөрчлөлт орсон талаар дээр хэлсэн. Энэ гэрээний “11.3 (ё)” гэсэн заалтад “Хувь нийлүүлэгчдийн гэрээний хүүг долоон жил тутамд дахин хэлэлцэж, хоёр тал зөвшилцсөнөөр өөрчилж болно” гэж байдаг. Монголын талд ашигтай олон зүйл байхгүй энэ гэрээн дээр үүлэн чөлөөний нар болсон ганц заалт нь долоон жил тутамд хүүг дахин өөрчилж болох энэ “11.3 (ё)” гэсэн заалт байсан. Энэ заалт 2011 онд орсон гэхээр уг заалтыг хэрэглэх боломж 2018 онд тохиож байсан. Харин 2018 онд хэлцэл хийгдээгүй учраас хүүг өөрчилж чадаагүй. Тийм учраас 2025 хүртэл яах ч боломжгүй болсон гэсэн үг. Тэр хооронд Монгол Улсын эдийн засаг бараг арав дахин томорсон, өнөөдрийн зээлжих зэрэглэл хамаагүй сайжирсан.
-Тэгвэл 11 хувийн хүүг өөрчлөх хоёр дахь боломж нь энэ онд дахин тохиож байна уу?
-2025 онд “11.3 (ё)”-оор хоёр дахь удаагаа өөрчлөх боломж нь тохиогоод байгаа. Гэтэл 2025 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл хэдхэн хоног үлдчихлээ. Энэ ондоо амжуулаад хэлэлцээрт ороод өгөөч ээ, хүүг бууруулаач ээ гэж миний хувьд сүүлийн 6-7 сар ярьж байна. Ярьсаар байгаад шийдэлд хүрэхгүй болохоор УИХ дээр хянан шалгах түр хороо хүртэл байгуулагдах болсон үндэслэл ердөө энэ. Хөдлөхгүй байгаа учраас Монгол Улсын эрх ашгийг хангахын төлөө бид УИХ дээр байж болох бүх алхмыг хийе гэж зорьж байгаа. Эхлээд ашиглаж байсан зээлийн LIBOR биш оронд SOFR гээд хүүгийн индексээр бодогдож байгаа. Үүнийг өнөөдрийн ханшаар тооцоод үзвэл 11.3 хувь орчим байгаа. Энэ нь өдөр болгон өөрчлөгддөг. Олон улсын банкир байсан хүний хувьд надад бүгд тодорхой харагдаж байгаа. Өөрийн эзэмшдэг толгой компанидаа охин компани нь 11 хувийн хүү төлнө гэдэг бол байж болохгүй зүйл. “Онтрэ” компанитай “Рио Тинто” өнгөрсөн хоёрдугаар сард хамтын ажиллагааны ашгаа 20:80 хувиар хуваах гэрээг байгуулахдаа зээлийн хүүгээ Канадын бодлогын хүү + 2 хувь буюу өнөөдрийн ханшаар 6.7 хувийн хүүтэй өгсөн байсан. Гэтэл яахаараа Рио Тинтод ийм өндөр хүү өгч байгаа юм?
Гэтэл толгой компани руугаа 11.3 хувийн хүүтэй зээл төлнө гэдэг бол хэт өндөр. Ямар ч бизнесийн зарчмаар бодсон энэ нь маш утгагүй зүйл юм. Үүнийг буулгах ёстой. Монгол Улсыг төлөөлж хэлэлцээрт орох хуулийн этгээд бол Монгол Улсын Засгийн газар. Тийм учраас хувь нийлүүлэгчдийн гэрээний “11.3 (ё)” заалтаар олгосон эрхээ эдлэх, “Рио Тинто”-той хэлэлцээрт орж өнөөдрийн олон улсын зах зээлийн зарчим руу хүргэж буулгах ёстой.
-Ийм өндөр хүүгийн зээл Монголын өрийн дарамтыг яаж нэмэгдүүлэв. Одоо бид яах ёстой вэ?
-Тэгэхээр энэ зээлийн хүүг бид өөрчлөхгүйгээр мөнгөн урсгалаар нь төлж дуустал үлдээе гэх юм бол 2037 онд анх авсан зургаан тэрбум ам.долларыг хүүтэй нь төлж таарна. Тэр үед анх авсан хөрөнгө оруулагчийн зээл болох зургаан тэрбум ам.доллар дээр хүү болох 18 тэрбум ам.доллар нэмэгдэнэ. Нэг ёсондоо бид авсан зээлээ гурав нугалж төлж байна гэсэн үг.
-Тэгэхээр Монгол Улс 2037 онд Рио Тинтод зээлсэн зургаан тэрбум ам.долларын өр дээрээ хүүг нь нэмээд 24 тэрбум ам.доллар болгож өгөх нь ээ?
-Рио Тинто өнөөдрийн байдлаар Оюутолгойд оруулсан нийт хөрөнгө нь 26 тэрбум ам.доллар болж байгаа шүү дээ. Гэтэл манай 34 хувь дээр зургаан тэрбум ам.долларыг бидэнд зээлээд л хүүгийн хүү гэж хүүлсээр байгаад тэд бүх хөрөнгө оруулалтаа нөхөж авна гэсэн үг. Бусад нь тэдэнд тэр чигээрээ ашиг болж орно л гэсэн үг.
-Манай улс 2037 онд зээлээ төлж дуустал 34 хувь дээрээ үр өгөөжийг нь хүртэж чадахгүй гэсэн үг үү?
-Тиймээ. 2037 он хүртэл зээл төлөгдөхгүй учраас ногдол ашиг ярьж чадахгүй байгаа юм. Яагаад гэвэл 2009 онд байгуулсан тэр гэрээнд эхлээд зээл төлөгдөж байж ногдол ашгийн асуудал яригдаж эхэлнэ гээд гэрээгээрээ зөвшөөрчихсөн юм. Үүнийг бид өөрчлөх ямар ч эрхгүй. Хэдэн ТУЗ-ийн гишүүд рүүгээ “Гэрээгээ өөрчлөөч ээ” гээд дайраад байдаг. Гэтэл Оюутолгойн ТУЗ дээр Монголын гурван гишүүн байгаа. Тэр гуравт үүнийг өөрчлөх ямар ч эрх мэдэл гэрээгээр олгоогүй.
-Ер нь зээлийн хүүг бууруулах ямар боломж харагдаж байна вэ?
-Оюутолгой дээр Рио Тинтог төлөөлж байгаа хүмүүс Монголын талын ТУЗ-ийн гурван гишүүн бүгдээрээ эсрэг байсан ч хамаагүй 100 хувь шийдвэрээ гаргаад явах бүрэн боломжтой. Тэгэхээр тэр гэрээний уршиг бидэнд зээлийн хүү болж ирж байна гэсэн үг. Бидний үр хойчид зээл болж үлдэж байна. Үүнийг л бид засъя гээд л байгаа юм. Энэ бол зах зээлийн энгийн зарчим. Үүн дээр улстөржөөд байх шаардлага байхгүй. Зээлийн хүүг, “Онтрэ”-гийн асуудлыг хөрөнгө оруулалтын олон улсын банкирын өнцгөөс би харж байгаа юм.
-Рио Тинто Монголд өндөр хүүтэй зээл өгсөн хэрнээ “Онтрэ”-д хоёр дахин бага хүүтэй зээл өгсөн байна. Ер нь дэлхийд ийм хөрөнгө оруулалтын ам.долларын зээлийн хүү АНУ, Европ, Канад, Австрали зэрэг орнуудад 3-6 хувь байдаг юм билээ. Жишээлбэл, Америк гэхэд 2009 онд энэ төрлийн зээлийг 1.5-2.0 хүүтэй олгож байсан судалгаа байна. Ядуу буурай орнуудад олгодог зээл нь эрсдлээсээ хамаараад арай өндөр хүүтэй байдаг. Тэгэхээр манай улс Оюутолгойн гэрээнд 11 хувийн хүүтэй зээл авсан нь тухайн үед хөгжиж буй орнуудад олгож байсан хөрөнгө оруулалтын зээлээс хэт өндөр байжээ?
-Том хөгжилтэй орнуудтай харьцуулж болохгүй. Бусад орнуудтай харьцуулахад хүнд. Орон бүр өөр өөрийн кредит үнэлгээтэй. Яагаад гэвэл эрсдлийн түвшин өөр, өөр байдаг. Бид дотоодтойгоо харьцуулах ёстой. Жишээлбэл, Оюутолгой зээлжих зэрэглэлээ Засгийн газраас хол зөрүүгүй тогтоох бүрэн боломжтой. Гадаадын хөрөнгө оруулагчид Монголыг Оюутолгойгоор төсөөлдөг, Оюутолгойн эрсдлээр тооцоолдог. Яагаад гэвэл Оюутолгой өөрөө Монгол Улсын нийт өрийн 50 хувь, эдийн засгийн маш том хувийг бүрдүүлдэг. Монгол Улсын Засгийн газар 6.6 хувиар зээлж чадаж байгаа. Гэтэл Рио Тинто “Онтрэ”-д өөрөө хүлээн зөвшөөрөөд 6.7 хувиар зээлж чадаж байна шүү дээ. Энэ түвшин өөрөө хамгийн ойролцоо харьцуулж болох жишиг тогтчихсон байна. “Онтрэ”-гийн гэрээ энэ жил хийгдсэн. Энэ талаарх мэдээлэл интернэтэд нээлттэй байгаа.
-Оюутолгойтой холбоотой зарим мэдээлэл нууцын зэрэглэлтэй байна гэлцэх юм. Яг ямар мэдээллүүд юм бол?
-Оюутолгойн хянан шалгах түр хорооныхныг шаардлага мэдээлэл авахыг хүсэхэд төрийн болон Оюутолгойн зүгээс нууц гэсэн тамгатай зүйлс байна. Ард түмний эзэмшил баялгийг ард түмнээс нь нууж, нууцын тамга дарна гэдэг ёс зүйгүй, хууль бус үйлдэл шүү.
-Уг нь Оюутолгойн 34 хувьд ногдох зээлийн хүүг бууруулах чиглэл Загсийн газраас жил гаруйн өмнө өгсөн шүү дээ?
-2024 оны аравдугаар сарын 30-ны өдрийн Засгийн газрын тэмдэглэл гарсан байна лээ. Нэг ёсондоо жилийн өмнө зээлийн хүүг бууруулах, “Онтрэ”-гийн хэлцэл хийх, Оюутолгойн бусад асуудлаар яриа хэлэлцээр эхлүүлэх арга хэмжээ авахуулахыг холбогдох байгууллагуудад чиглэл өгсөн байгаа юм. Тэгэхээр нэг жилийн хугацаанд Засгийн газар нь чиглэл өгөөд, Ерөнхий сайдын захирамж гараад, холбогдох сайдын тушаал нь гарсан байхад яг ямар ажил хийгдэж байна гэвэл ерөөсөө хийгдсэн олигтой ажил алга. Тэгэхээр үүн дээр сүүлийн 7, 8 сар юу ч хийгдээгүй байна. Засгийн газар, УИХ нэг л эрх ашгийн төлөө ажиллаж байгаа. Энэ бол Монгол Улсын эрх ашиг, ард түмний хүсэл зорилго. Тэгэхээр тэдний төлөө УИХ-ын Хянан шалгах түр хороо Засгийн газартай хамтран ажиллахад бэлэн. Бидний барьж байгаа үндсэн зарчим бол урд өмнө гаргасан шийдвэрийн алдагдсан боломжийн тухай ярьдаг биш. Алдаанаас нь суралцаад, засч, ахиц дэвшил гаргахын төлөө ажиллах болно.





УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг Монгол Ардын намын даргаар сонголоо
Монгол Ардын намын Бага хурлын VIII хуралдаан Тусгаар тогтнолын ордонд /2025.09.28/ болж өндөрлөлөө. Энэ удаагийн хуралдаанаар хэлэл...
15 минутын дараа
“Хан хиллс” хотхоны баруун талд 112 МВт хийн дулааны станцын барилга угсралтын ажлыг 2026 онд эхлүүлнэ
Улаанбаатар хотын сүлжээнд холбогдсон эрчим хүчний хэрэглээ эх үүсвэрүүдийн суурилагдсан хүчин чадлаас 1140.2 Гкал/ц-аар буюу 47 хув...
3 цагийн өмнө
“Алтан цом”-ын багийн барилдаан ирэх сард эхэлнэ
Монголын үндэсний бөхийн холбооноос /МҮБХ/ “Алтан цом”-ын багийн барилдаан ирэх сард эхлэх талаар мэдээллээ. Тодруулбал,...
4 цагийн өмнө
TikTok-той холбоотой зарлигт гарын үсэг зуржээ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп TikTok нийгмийн сүлжээний хувьцааны хяналтын багцыг АНУ-ын хөрөнгө оруулагчдад шилжүүлэх тухай зарл...
5 цагийн өмнө
Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудал
УЛСЫН ИХ ХУРЛЫН 2025 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2025 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 29-НӨӨС 10 ДУГААР САРЫН 03-НЫ ӨДРИЙН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ ...
6 цагийн өмнө
Сэтгэгдлүүд