мэдээ
Г.Отгонтамир: Явган хүний зам, гарцан дээр машинаа тавьсан зөрчлийг 102-Police болон E-Pоlice аппликэйшнээр илгээх боломжтой

Админ
2025 оны 9 сарын 28

59

ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамиртай ярилцлаа.
-E-Police аппликэйшнээр өдөрт хэд орчим дуудлага мэдээлэл бүртгэгддэг вэ. Ямар, ямар зөрчлийг илгээх боломжтой вэ?
-E-Police аппликэйшнийг иргэд маань нэлээн хэдэн жил ашиглалаа. Энэ оны эхний найман сарын байдлаар Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс E-Police аппликэйшнээр 33796 зөрчилд хуулийн дагуу торгууль илгээсэн байгаа. Хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгсэл явган хүний зам дээр машинаа тавих, түр буюу удаан хугацаагаар зогсохыг хориглосон газар машинаа байршуулах, гарцан дээр зогсох гэх мэт зөрчлийг Замын хөдөлгөөний удирдлагын төв рүү илгээж, арга хэмжээ тооцож иргэний үүргээ биелүүлдэг байсан. “E-Police”-аас гадна Цагдаагийн байгууллагын 102 аппликэйшнд мөн тухайн үйлчилгээ нэмэгдсэнээр бусад хөдөлгөөнд оролцож буй жолооч нар маань дүрмээ баримтлаж явах нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Тэгэхээр явган хүний зам болон гарцан дээр машинаа тавьсан зөрчлийн мэдээллийг 102-Police, E-Police аппликэйшнээр илгээх бүрэн боломжтой гэсэн үг. Мөн замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч хөдөлгөөний эрчим ачааллын талаарх мэдээллийг ч авах боломжтой. Тийм учраас зөрчлийн мэдээллийг иргэд илгээснээр цагдаа байхгүй байна гээд дүрэм зөрчдөг үйлдэл буурна. Иргэн бүр гудамж, замын хөдөлгөөнд хяналт тавьдаг болсон. Ингэснээрээ иргэн, цагдаагийн байгууллагын хоорондын хамтын ажиллагаа өргөжиж байна. Цагдаагийн байгууллагаас цахимаар ирүүлж байгаа иргэдийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэлд шуурхай арга хэмжээ авч ажилладаг. Хамгийн гол нь иргэд бусдын хөдөлгөөнийг хааж зогсохгүй байх, зам дээр тээврийн хэрэгслээ байршуулахгүй байх хэрэгтэй.
-Энэхүү аппликэйшнийг ашиглахад хялбар уу?
-Маш энгийн. Утасныхаа Play store, App store луу ороод E-Police болон 102 police аппликейшнаа татна. 102-Police руу нэвтэрч ороод яаралтай түргэн тусламж хэрэгтэй бол “SOS” хэсэг дээр дарж болно. Ингэсэн тохиолдолд цагдаагийн байгууллагад дуудлага өгчихөөд шуурхай албаны машинтай алба хаагч хаана, хэдий хугацаанд ирэхийг харах бүрэн боломжтой. Үйлчилгээ хэсэг рүү нь орвол өөрийн гаргасан гомдол мэдээллийг шалгах, мөн гэмт хэрэг зөрчлийн талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргах боломжтой. Таны мэдээлсэн зурган мэдээлэл дээр тухайн тээврийн хэрэгслийн мэдээллийг оруулаад, зурган зөрчлөөр илгээх бүрэн боломжтой. Бүх заавар нь бий. Мэдээж замын хөдөлгөөний ачааллыг харах боломжтой. Дугаарын хязгаарлалтын бүсчлэл, хар цэг буюу осол аваар ихээр гардаг цэгүүдийн мэдээлэл, мөн замын хөдөлгөөний дүрмийн мэдээлэл авах боломжтой. Иргэд өмнө нь нэг цэгийн үйлчилгээ рүү явдаг, эсвэл цагдаагийн байгууллага руу заавал ирж цаг хугацаа алддаг байсан бол цахим шилжилт рүү орсноор иргэдэд цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг хүргэхэд шуурхай, хүртээмжтэй болсон.
-Зөрчлийн мэдээллийг илгээсэн иргэнд урамшуулал байдаг уу?
-Энэ талаар ЦЕГ-аас ажлын хэсэг гараад Хууль зүй, дотоод хэргийн яаманд танилцуулсан байгаа. Урамшууллын систем бий болгоно. Үүнийг зөвхөн цагдаагийн байгууллага батлахгүй. Хууль зүй дотоод хэргийн яамнаас цаашаа холбогдох байгууллагад журмаа батлуулах байх. Тэгэхээр замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэд маань цагдаа л байхгүй бол дүрэм зөрчдөг байдалдаа анхаарах хэрэгтэй. Үүнийг дахин хэлмээр байна. Иргэд өөрсдөө зөрчлийг илрүүлээд, тухайн зөрчил гаргасан иргэнд хариуцлага тооцох бүрэн боломжтой болсон.
Мөн цагдаагийн байгууллагаас хиймэл оюунд суурилсан 176 уулзвар гарцан дээр 2606 камерыг байршуулсан. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр нутагшуулах зорилгоор тестүүдийг байршуулсан. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч руу мессэж илгээж байгаа. Энэ бол сануулах мессэж. Иргэд үүнийг торгууль гэж буруу ойлгоод байдаг. Монгол Улс бусад хөгжилтэй орны адил хиймэл оюунд суурилсан техник технологийн дэвшил рүү цаг хугацааны хувьслаар шилжин орж байгаа. Хичээл сургууль эхэлсэнтэй холбоотой замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байна. Үүнийг дагаад осол, гэмтлийн тоо ч нэмэгддэг. Жишээ нь, жолооч уулзвар гарц руу дөхөж ирээд хурдаа сааруулах үндсэн үүрэгтэй. Үүнийг биелүүлэхгүйгээс болоод явган зорчигчийг мөргөж гэмтээх тохиолдол их бүртгэгддэг.
-Иргэдийн гаргадаг нийтлэг зөрчил нь явган хүний зам дээр машинаа байршуулсан байдаг. Энэ тохиолдолд ямар хариуцлага оногдуулдаг юм бол?
-Иргэдийн нийтлэг зөрчил нь явган зорчигч иргэдийн аюулгүй зорчих нөхцөл боломжийг хаагаад, явган хүний зам дээр машинаа тавьдаг. Явган хүний гарцан дээр хүртэл тээврийн хэрэгслээ тавьчихдаг. Энэ төрлийн зөрчил дээр хяналт тавиад эхэлсэн байгаа. Зөрчлийн тухай хуульд заасны дагуу энэ тохиолдолд 20 нэгжээр торгуулийн арга хэмжээ авдаг. Иргэддээ нэг зүйлийг хэлэхэд, би өдөрт нэг удаа явган хүний зам дээр машинаа тавьсан учраас нэг л торгууль үүснэ гэж бодож болохгүй. Та хөдөлгөөнд оролцох бүрдээ явган хүний зам дээр машинаа тавьсан бол тэр болгонд арга хэмжээ тооцно. Удаа дараа эрх бүхий алба тушаалтны шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 3.8.4 дэх заалтаар жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасдаг эрх зүйн зохицуулалттай. Их хэмжээний торгуультай үед шүүхэд шилжүүлж, нийтэд тустай ажил хийлгэх гэх мэт эрх зүйн зохицуулалт байдаг. Ингэснээр хөдөлгөөнд оролцох зорчигчид саадгүй явах боломж бүрдэнэ. Үүнтэй холбоотой иргэд, ААН, албан байгууллагуудад E-police болон 102-Police аппликэйшний талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагаас сурталчилж ажиллаж байна. Ингэснээрээ Монгол Улсад бүртгэлтэй нэг сая гаруй тээврийн хэрэгсэл дэг журам, сахилга баттай хөдөлгөөнд оролцоно гэсэн үг.
Г.БАЛГАРМАА





УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг Монгол Ардын намын даргаар сонголоо
Монгол Ардын намын Бага хурлын VIII хуралдаан Тусгаар тогтнолын ордонд /2025.09.28/ болж өндөрлөлөө. Энэ удаагийн хуралдаанаар хэлэл...
20 минутын дараа
“Хан хиллс” хотхоны баруун талд 112 МВт хийн дулааны станцын барилга угсралтын ажлыг 2026 онд эхлүүлнэ
Улаанбаатар хотын сүлжээнд холбогдсон эрчим хүчний хэрэглээ эх үүсвэрүүдийн суурилагдсан хүчин чадлаас 1140.2 Гкал/ц-аар буюу 47 хув...
2 цагийн өмнө
“Алтан цом”-ын багийн барилдаан ирэх сард эхэлнэ
Монголын үндэсний бөхийн холбооноос /МҮБХ/ “Алтан цом”-ын багийн барилдаан ирэх сард эхлэх талаар мэдээллээ. Тодруулбал,...
3 цагийн өмнө
TikTok-той холбоотой зарлигт гарын үсэг зуржээ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп TikTok нийгмийн сүлжээний хувьцааны хяналтын багцыг АНУ-ын хөрөнгө оруулагчдад шилжүүлэх тухай зарл...
4 цагийн өмнө
Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудал
УЛСЫН ИХ ХУРЛЫН 2025 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2025 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 29-НӨӨС 10 ДУГААР САРЫН 03-НЫ ӨДРИЙН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ ...
5 цагийн өмнө
Сэтгэгдлүүд